Д.Тогтохсүрэн: Орон нутагт ипотекийн зээлийг нэмэгдүүлэх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2019.03.05-нд нийтлэгдсэн

Д.Тогтохсүрэн: Орон нутагт ипотекийн зээлийг нэмэгдүүлэх хэрэгтэй

Д.Тогтохсүрэн: Орон нутагт ипотекийн зээлийг нэмэгдүүлэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулган завсарласан энэ өдрүүдэд Арвайхээр, Тарагт сумын иргэдтэй уулзаж, УИХ-аас баталсан хууль тогтоомж, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тойрогтоо ажиллах хугацаандаа залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудыг өглөө бүр хүлээн авч, санаа бодлыг сонсдог  “Эртэч Монгол” уламжлалт уулзалтаа зохион байгуулав. Иргэдийн зүгээс Арвайхээрийн агаарын бохирдол, ажлын байрыг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах асуудалд сэтгэл чилээж буйгаа дуулгасан. Арвайхээр, Тарагт сумын иргэдийн хувьд амин хувийн асуудлаа ярихаасаа илүүтэй зам, утаа, ипотекийн зээл, нийгмийн шударга бус байдлыг цэгцлэх зэрэг өргөн хүрээний асуудалд анхаарал хандуулж байлаа. Д.Тогтохсүрэн гишүүний тойрогтоо хийх уулзалтад аймгийн удирдлагууд, холбогдох албаныхан болон УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны төлөөлөл хамт байлцав.

-Уулзалтын дараа УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээс цөөн асуултанд хариулт авлаа.

 – Иргэдийн олонх нь Арвайхээрийн агаарын бохирдлын асуудлыг ярьж байна. Утааг багасгах чиглэлд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-УИХ-ын чуулган завсарласан энэ өдрүүдэд тойрогтоо ажиллалаа. Иргэдийн хувьд хэд хэдэн асуудлыг хөндөж байна. Хамгийн түрүүнд агаарын бохирдлыг бууруулах ажил байна. Арвайхээр агаарын бохирдол ихтэй. Үүнийг шийдвэрлэхийн тулд дулааны станц барих шаардлагатай байгаа юм. Дээр нь Баян-Тээгийн нүүрсний уурхайг түшиглэж, сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах шийдлийг гаргаж байгаа. Түүнчлэн Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 60 км автозамын засварын ажил байна. Ерөнхийдөө өргөн хүрээнд нийтлэг томоохон хоёр асуудлыг олон нийт ярьж байна. Залуучуудын хувьд ипотекийн зээлд хамруулах нөхцөл боломж, тоог нэмэгдүүлэх асуудлыг тавьж байна. Орон нутагт ипотекийн зээл бага олгож байна, цөөхөн хүн авч байна гэж ярьж байна. Иргэд төрийн албан хаагч, тэр дундаа УИХ, Засгийн газрын гишүүдийн хариуцлага, ёс зүйг сайжруулах чиглэлд өөрсдийн санаа бодлоо  илэрхийлэн хэлж байна. Томоохон ордуудын гэрээний үр дүнгийн тухай, түүнийг дагасан хууль бус үйл ажиллагаанд  иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар иргэд харьцангуй  эерэг хүлээлттэй байх шиг санагдлаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах учир шалтгаанаа иргэдэд зөв тайлбарлаж ойлгуулвал дэмжих хандлагатай байна.

 -Орон нутагт иргэдийн аж амьдрал ямар байна вэ?

 –Эдийн засаг өсөлттэй байгаа ч иргэдийн амьдралд хүртээмж бага байна. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд анхаарч ажиллах чухал байна. Бизнесийг дэмжих чиглэлээр иргэд олон ажил хэрэгч санал гаргаж байна. Ялангуяа Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих  сангийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, орон нутагт олгох цар хүрээг өргөжүүлэх, ил тод, шударга байдлаар шалгаруулалтыг явуулах саналууд давамгайлж байна. Тиймээс Жижиг дунд, үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг орон нутагт түлхүү олговол ажлын байр бий болох, бизнес хөгжих гол нөхцөл бий болох юм байна.

-Өвөрхангай аймагт 2019-2020 онд ямар бүтээн байгуулалтын ажил хийх вэ?

– Өвөрхангай аймагт 2019-2020 онд нийтдээ 75  тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Үүний 36 тэрбум төгрөг нь Арвайхээр, Тарагт суманд хамаарч байгаа бөгөөд 19 тэрбум төгрөг 2019 онд хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, ажлууд нь энэ онд эхлээд он дамжаад явна гэсэн үг. Дээр нь дулааны станц болон автозамын шинэчлэлийг хийнэ. Хөрөнгө оруулалт сайтай жил байна.

Аймгийн удирдлагууд, ажил хариуцсан хүмүүстэй уулзан бүтээн байгуулалтын ажлыг хурдтай явуулахаар санал солилцлоо. Зураг төсөл боловсруулахаас эхлээд элс хайрганы асуудал хүртэл ярилаа. Улсын хэмжээний бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 хувьтай  байгаа бол манай  аймагт 90 гаруй хувьтай байгаа. Товчхондоо бол ажлууд боломжийн хэмжээнд явж байна гэсэн үг.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж