“AirVisual” байгууллагын тайланд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын жагсаалтыг гаргажээ. Тус жагсаалтад Хятадын 58 хот, Энэтхэгийн 33 хот багтсан ба эхний 10 хотын долоо нь Энэтхэгийн хотууд байгаа юм. Дэлхийн хамгийн их хүн амтай хоёр улс дэлхийн агаарын бохирдлын төв болоод байгаа нь аюулын харанга дэлдэж байна. Харин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хувьд агаарын чанарын индекс 58.5 гэсэн үзүүлэлтээр жагсаалтын 72-т бичигджээ. Хэрэв энэ жагсаалтыг улсаар нь гаргасан бол Монгол Улс дээгүүр бичигдэх байсан биз ээ.
Жагсаалтын нэгдүгээрт Энэтхэгийн Гуруграм хот бичигдсэн байна. Тус хотын агаарын чанарын дундаж индекс 138.5 байсан нь АНУ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах агентлагаас гаргасан стандарт хэмжээнээс даруй гурав дахин өндөр байгаа юм.
Энэхүү жагсаалтыг “PM 2.5” буюу агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцрыг хэмжсэний үндсэн дээр гаргажээ. “PM 2.5” нь сульфат, нитрат, хар нүүрстөрөгч зэргээс бүрддэг бөгөөд уушгины гүнд нэвчиж, зүрх судасны эрхтэн тогтолцоог гэмтээдэг байна. Тайланд дурдсанаар, агаарын бохирдлын улмаас ирэх онд 7 сая хүн амиа алдаж болзошгүй байгаа төдийгүй эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө улам бүр нэмэгдсээр байгаа ажээ.
Дэлгэрэнгүй жагсаалтыг эндээс харна уу.
Эх сурвалж:CNN
Холбоотой мэдээ