Энэтхэг, Пакистан улсын газар нутгийн маргаан хурцдаж, хоёр улсын харилцаа дордоод байгаа билээ. Уг асуудлаас дээрх хоёр улс бие бие рүүгээ агаарын цохилт өгч, хамгийн сүүлд Кашмир дахь Пакистаны хилийг зөрчсөн гэж Энэтхэгийн хоёр онгоцыг Пакистан буудан унагаасан тухай өмнө нь мэдээлсэн. Нэг онгоц Энэтхэгийн тал унаж, нөгөөх нь Пакистаны талд унасан. Пакистаны талд унасан онгоцны нисгэгч Абхинандан Вартхама шүхрээр буухдаа Пакистаны талд олзлогдсон байж байгаад Бямба гаригт /2019.03.02/ суллагдсан юм.
Пакистаны Ерөнхий сайд Имран Хан цаашид Энэтхэг улстай сөргөлдөхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлэн нисгэгчийг сулласан бөгөөд эх орондоо эсэн мэнд эргэн ирсэн нисгэгчийг Энэтхэгчүүд “үндэсний баатар” хэмээн цоллож, үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэнд нь талархаж байгаагаа илэрхийлж байгаа аж. Тэрбээр Пакистаны цэргүүдэд олзлогдохдоо “Би юу ч хэлэхгүй. Би бол Энэтхэг хүн” хэмээн хэлсэн нь дүрс бичлэгт бууж, маш олон хүний сайшаалыг хүртээд байгаа юм. Үүнээс улбаалан нисгэгч Вартхамагийн өвөрмөц сахал Энэтхэг эрчүүдийн дунд трэнд болсон байгаа аж.
Мөн түүний олзлогдох үедээ өмсч байсан нисэх хүчний ногоон өнгийн хувцас, үс засалт ч их эрэлттэй байх болжээ. Түүнийг дуурайн үс, сахлаа засуулсан эрчүүд цахим сүлжээнд зургаа нийтлэн, нисгэгчээр бахархаж буйгаа илэрхийлж байгаа юм. Одоо Энэтхэг улсын хаа ч явсан гудамж талбайд Вартхамагийн хөрөг бүхий зурагт самбарууд өлгөөтэй байгаа гэнэ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ