НӨАТ-ын баримтын хоёр хувийн буцаан олголтыг 2019 оны нэгдүгээр улиралд багтаан олгоно гэдгийг Татварын ерөнхий газраас мэдэгсэн. Тэгвэл оны өмнө зарим иргэд “Голомт” банкнаас сошиал пэй апликейшин ашиглан, буцаан олголтын мөнгөө урьдчилан авсан. Эдгээр иргэдийн НӨАТ-ын буцаан олголтын мөнгө яагаад одоо хүртэл ороогүй байгааг Татварын ерөнхий газраас тодрууллаа.
Тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Э.Энхцэцэг хэлэхдээ “НӨАТ-ын баримтын хоёр хувийн буцаан олголтыг 2019 оны нэгдүгээр улиралд багтаан олгоно. Мөн 2019 оны өмнө сошиал пэй апликейшин ашиглан, “Голомт” банкнаас буцаан олголтын мөнгөө урьдчилан авсан иргэдийн мэдээллийг хянан, шалгаж байна. Өөрөөр хэлбэл эдгээр иргэд банкнаас зээлж, мөнгө авсан гэсэн үг. Тиймээс иргэдийн мэдээллийг Татварын ерөнхий газраас хянаж байгаа. Энэ оны эхний улирал буюу нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31-ний өдөртөө багтана иргэдийн дансанд шилжинэ” гэсэн юм.
“Голомт” банкны зүгээс НӨАТ-ын буцаан олголт өгөхөөс өмнө буцаан олголтдоо тэнцэх хэмжээний мөнгийг тус банкны “social pay” аппликейшнийг ашиглан хүүгүй зээлээр авах боломжийг иргэдэд олгосон байдаг.
А.СҮРЭН