УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Уг тогтоолд тэтгэврийн насыг уртасгахаар заагаад байна. Тодруулбал, 2017-2020 он хүртэл тэтгэвэрт гарах нас эрэгтэй 62, эмэгтэй 58, 2020-2030 онд тэтгэвэрт гарах нас эрэгтэй 65, эмэгтэй 60 хүрч тогтоолгохоор заажээ. Мөн тэтгэврийн шимтгэлийн хувь хэмжээ 18-19 хувь болж, ажил олгогчид ногдох хувь хэмжээнд ачаалал үүрүүлэх аж. Одоо бол НДШ-ийн хувь хэмжээ 13 хувь юм байна. Ийн 5-6 пунктээр шимтгэлийн хувь хэмжээг өсгөсөн нь төсөвт ирэх ачаалал жил ирэх тусам хүндэрч байгаатай холбоотой аж.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд “НДШ-ийн хувь хэмжээг нэмсэн нь Ажил олгогчид ирэх ачааллыг нэмэгдүүлнэ. Энэ асуудлаар дээрх хүмүүсээс саналыг нь сонссон уу. Олон улсад НДШ-ийн хувь хэмжээ хэд байдаг талаар хариулт өгөхийг хүслээ.
Албаны хүний тайлбараар Унгарт НДШ-ийн хувь хэмжээ 35 хувь, Швед 18 хувь, Испанид 21.3 хувь байдаг аж. Тэдгээртэй харьцуулахад, Монголын НДШ-ийн хувь хэмжээ доогуурт тооцогдох юм байна.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга “Тэтгэвийн зээлийн хүүг банкууд тогтоож байна, тэтгэврийн зээлээс, цалингийн зээлээс ашиг хийж болохгүй. Залуу цагтаа хөдөлмөрлөөд, түүнийгээ тэтгэвэртээ гарсны дараа иднэ гээд хадгалуулахаар шимтгэл төлдөг. Ийм байтал дундаас нь банк хязгааргүй ашиг хийгээд байж болохгүй. Банкуудад НД-ын чөлөөт үлдэгдлийг 10 хувийн хүүтэйгээр байршуулдаг. Тэгсэн хэрнээ тэтгэвэр, цалингийн зээлийн хүүнд хяналт тавих боломжгүй, эрхгүй гэдэг сайдын тайлбар үндсээрээ буруу. Эдгээрт шалгалт оруулах санал тавина, цэгцлэх цаг болсон” гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мөн тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад хоёр хувилбар байгааг онцоллоо. Үүгээр НДС-ын чөлөөт үлдэгдэл 850 тэрбум төгрөг нь 10 хувийн хүүтэйгээр тодорхой банкуудад байршдаг аж. Энэ нь Монголбанкны бодлогын хүүгээс 3 хувь, арилжааны банкны хадгаламжийн хүүгээс 6 хувь доогуур хэмжээ юм байна. Тэгэхээр НДС-ын чөлөөт үлдэгдлийг өндөр хүүтэй хадгаламж хэлбэрээр барйшуулах, нэг хувилбар. Хоёр дахь хувилбар нь НДС-гийн 622 тэрбум төгрөгийг НДС-ын үндэсний зөвлөл арилжааны банкуудтай хадгаламж хэлбэрээр барйшуулах санал тавих л хэлбэр аж. Ингэхдээ дээрх хөрөнгийг бага хүүтэйгээр байршуулъя, харин тэдэн хувиас хэтрүүлж цалин, тэтгэврийн зээлийг тогтоож болохгүй гэдэг хэлэлцээг хийчихэд л болох гэнэ. Ингэхийн тулд тэтгэвэр болон цалингийн зээл олгодоггүй банкуудаас НДС-ын чөлөөт үлдэгдлийг татаж, энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг банкуудад шилжүүлэх. Тодруулбал, Хаан банк, Төрийн банкинд байршуулчих боломжтой. Ингэхгүй бол өнөөдөр эв санааны нэгдлийн үндсэн дээр ажил хөдөлмөр эрхэлж, НДС-д 1 их наяд төгрөгийн шимтгэл төлж байгаа иргэд 18-21.3 хувийн хүүтэй цалингийн зээл төлж суугаа нь шударга бус гэж Н.Номтойбаяр гишүүн онцлов.
Үүнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “НДС-ын чөлөөт үлдэгдэл 850 тэрбум төгрөгийг тодорхой банкуудад байршуулдаг. Тэр нь хуулиараа төсвийн мөнгөнд хамаарна. НДС-ын хөрөнгө болох 532 тэрбум төгрөгийг шимтгэл хэлбэрээр битгий ойлго. Энэ хөрөнгийг зориулалтын дагуу л ашиглах эрхтэй. Тухайн сар бүртээ зарцуулагддаг” гэлээ.
Түүнчлэн энэ хуулийн хүрээнд тэтгэврийн зөрүү арилах уу гэдэг асуудлыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хөндөв.
Сайд С.Эрдэнэ “Тухайн иргэний ажилласан жил авч байсан цалин, шимтгэлээр тэтгэвэр тогтоогддог. 2012 онд тэтгэврийн зөрүүг өөрчлөх талаар хууль санаачлаад 170 мянган иргэний тэтгэврийг өөрчилсөн. 1995 оноос тэтгэврээ тогтоолгосон хими, биологийн багш 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон ижил мэргэжлийн хүнтэй адил тэнцүү тэтгэвэр авах харилцааг хуулиар тогтоож өгсөн. Төсөвт 90 гаруй тэрбум төгрөг суулгаж амжилттай шийдсэн. Гэсэн хэдий ч тодорхой цаг хугацааны дараа дахиад тэтгэврийн зөрүү гарч ирж байгаа. Энэ нь цалин, хөлсний нэмэгдэл, инфляци гээд. Үүнийг зохицуулах боломжгүй” гэсэн хариулт өгсөн юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Ганбат “Хөдөө орон нутгаа анхаарч малчдын тэтгэврийн насыг урагш нь татахгүй бол цаг наргүй хүнд нөхцөлд ажиллаж байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хэлээд байгаа малчдын тэтгэврийн насыг урагшлуулъя гэдэг саналыг дэмжмээр байна” гэлээ.
Харин сайд С.Эрдэнэ үүнд “Малчдын тэтгэврийн насыг одоогийн төвшинд нь хадгална, урагшлуулах боломжгүй” гэсэн хариулт өгсөн юм. Эцэст нь уг хуулийн төслөөр санал хураахад гишүүдийн олонхи нь төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ