Зэрлэг гүзээлзгэнийг таримал аргаар гаргаж авах судалгааны ажил дээр хамтарч ажиллах хүсэлтээ ХААИС-иас Солонгос улсын Тэгү мужийн Кенсан Бүк Дүгийн хөдөө аж ахуй, технологийн эрдэм шинжилгээний хүрээлэнд гаргасан байна.
Улмаар Солонгосоос таримал гүзээлзгэний сортуудын төл ургамлыг манай улсад судалгааны зориулттай өгчээ.
Сэлэнгэ аймгийн Хүдэр, Баруун Бүрэн сум, Архангай аймгийн Цэнхэр сумаас цуглуулсан зэрлэг гүзээлзгэний дээжээ гадаадаас ирүүлсэн 4-н эх дээжтэй эрлийзжүүлэн ХААИС-ийн Агропаркийн талбайд тарьсан байна.
Тарих явцад Сэлэнгэ аймгийн Хүдрийн дээж нь жимсний тоо, жимсний жин, жимсэн дэх сахарын хэмжээгээр нөгөө хоёр сортоосоо хамаагүй илүү байгаа нь ажиглагджээ.
Зэрлэг гүзээлзгэний хүйтэнд тэвсэртэй шинж чанарыг агуулсан, амтлаг, ил талбайд тарих боломжтой шинэ сортын таримал гүзээлзгэнийг цаашид гаргаж авахаар ХААИС-ийнхан зорин ажиллаж байгаа юм байна.
Таримал гүзээлзгэнэ дээд тал нь 1 кг нь 35000 доод тал нь 15000 төгрөг байдаг бол хашаандаа 5000 төгрөгний таримал гүзээлзгэнэ тарьснаар төсвөө 7 дахин хэмнэх бололцоо удахгүй бүрдэх гэж байна. Энэ талаар ХААИС-ийн агроэкологийн сургууль, газар тариалан ургамал хамгааллын тэнхимийн доктор, проффесор Ж.Ганболд УИХ-ын гишүүн Л.Болдыг тойргийнхоо ажлаар ХААИС дээр ажиллах үеэр нь танилцууллаа.
Б.ХУЛАН