-Тал нутагт салхины хүч их, секундэд 18-24 метрийн хүчтэй байгаагийн дээр түймэр унтраах багаж хэрэгсэл дутмаг байгаагаас их хэмжээний газар нутаг түймэрт хуйхлагджээ-
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын газар нутгийн ихэнх нь буюу 80 хувь нь гал түймэрт хуйхлагдсан талаарх харамсалтай мэдээлэл олныг цочроож байна. Түймэр дөрөвдүгээр сарын 13-ны өдөр анх Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нэгдүгээр багийн нутаг, Яруу хэмээх газрас гарч эхэлсэн ч тал нутгийн салхи, шуурганы улмаас маш хурдан тархаж, хил залгаа аймаг сумдын нутгийг хамарчээ. Сүхбаатарын Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутгийг дамнан хамарсан түймрийн байдлыг газар дээр нь үзэж шалгахаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар болон хэвлэлийн багийнхан Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд очоод байгаа юм. Тус сумын төвд нэг километрийн зайтай тулж очсон түймрийг уржигдар шөнө арайхийн цурманд оруулсан ч бүрэн унтрааж амжаагүй дахин түймэр дэгдээд байгаа ажээ. Түймрийн нөхцөл байдал ямар байгааг Сүхбаатар аймгийн Засаг дарга болон Онцгой байдлын газрын дарга нараас тодруулахыг хүссэн ч тэд түймрийн голомтод ажиллаж буй тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж байлаа.
Тал нутагт салхины хүч их, секундэд 18-24 метрийн хүчтэй байгаагийн дээр түймэр унтраах багаж хэрэгсэл дутмаг байгаагаас их хэмжээний газар нутаг түймэрт хуйхлагджээ. Нийтдээ 22 айлын гэр түймэрт өртөж, олон тооны мал хоргдсон байна. Эхний ээлжинд орон гэр нь түймрийн улмаас шатсан айл өрхүүдэд гэр олгох асуудлыг шийдвэрлэсэн байна. Түймрийн улмаас хорогдсон малын тоо толгойг тодорхойлох, малчид, иргэдийн эд хөрөнгө болон байгаль экологид учирсан хохирлыг тогтоох, хор уршгийг арилгах чиглэлээр санал дүгнэлт боловсруулах, түймрийн шалтгаан, эзэн холбогдогчдыг тогтоох ажлыг эрчимжүүлэх зэрэг шаардлагатай арга хэмжээг газар дээр нь шуурхай зохион байгуулах үүргийг ажлын хэсэгт өгөөд байгаа юм.
Түмэнцогт суманд гарсан түймрийг унтраахад тус сумын иргэдээс гадна хил залгаа Мөнххаан сумынхан ч оролцож байгаа юм. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын түймрээс Цагаан овоо сумын иргэд бас оролцож байна. Нийслэлээс нутгийн иргэд түймэр унтраахад туслахаар очиж байгаа ч түймэр унтраах хүсэлтэй болгоныг оролцуулах боломжгүйг мэргэжлийнхэн онцолж байлаа. Учир нь түймрийг унтраахын тулд хувцас, хэрэглэлээс эхлээд бэлтгэлтэй байх ёстойг тэд хэлж байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 13 аймгийн 39 суманд 71 удаагийн ой, хээрийн түймэр гарч 213 га ой, 225.273 га ой, хээрийн бүс шатсан. Энэ хугацаанд гарсан 71 түймрийн 35 буюу тал хувь нь Дорнод, Хэнтий Сүхбаатар аймгуудад гарсан байна. Дорнод аймагт 17 удаа, Хэнтий аймагт 8 удаа, Сүхбаатар аймагт 10 удаа тус тус гараад байна. Гарсан ой, хээрийн түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 1,3 хувиар өсчээ.
Д.ЦЭЭНЭ