Гэр хорооллын иргэд төрийн үйлчилгээний гадна хаягдсаар байна

Хуучирсан мэдээ: 2019.03.05-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын иргэд төрийн үйлчилгээний гадна хаягдсаар байна

Гэр хорооллын иргэд төрийн үйлчилгээний гадна хаягдсаар байна
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тойргийнхоо сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, багш, ажилтнуудтай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн хамт БЗД-ийн 102 дугаар сургууль дээр уулзлаа. Тус уулзалтанд БЗД-ийн Сансар, Дарь-Эхийн ерөнхий боловсролын 5 сургууль, 10 цэцэрлэгийн төлөөлөл оролцож, боловсролын салбарын бодлогын хэрэгжилт, багш ажилтан, суралцагчдын өмнө тулгамддаг асуудал, гарц шийдлийн талаар салбарын сайддаа болон тойргоос сонгогдсон гишүүндээ уламжиллаа.
УИХ-ын 49 дүгээр тойрог буюу БЗД-ийн 1, 3, 7, 2, 21, 27-р хороонд 28 мянга гаруй өрхийн 58 мянган хүн оршин суудаг бөгөөд 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг цэцэрлэгийн насны 6 мянга, сургуулийн насны 10 мянга орчим хүүхэдтэй. Сургууль цэцэрлэгийн хүртээмж муугаас гадна Дарь-Эхийн 21, 27 дугаар хороололд ажиллаж байгаа сургуулиуд нь хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг нь ноцтой зөрчиж байгаа тухай Д.Оюунхорол гишүүн салбарын сайдад танилцуулж, хамтдаа шийдэх гарц хайхыг хүссэн юм.
Үүний нэг жишээ бол 102 дугаар сургууль. Энэ сургууль 2007 онд ашиглалтад орж 10 гаруйхан жил болж байгаа ч дээврээс ус гоождог, хана тааз нь битүү мөөгөнцөрт идэгдсэн, хананууд цууралт өгсөн, өвөлдөө 14 хэмээс илүүгүй дулаантай өмхий чийг үнэртсэн хүйтэн ангид сурагчид хичээллэж байна. Өмнө нь 2016, 2018 онд урсгал засвар хийж дээвэр болон гадна талаа засаж янзалсан ч нөхцөл байдал дээрдээгүй байна гэлээ.
Үүнээс гадна 1.5 жилийн өмнө нь ашиглалтад орсон БЗД-ийн 21 дүгээр хорооны 127 дугаар сургуулийн халаалтын зуух стандартын шаардлага хангаагүйгээс өвлийн улиралд сургалтын үйл ажиллагаагаа зогсооход хүрдэг зэрэг асуудлаас болж сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдөж байгааг тэрээр онцоллоо.
Төрийн өмчийн хөрөнгөөр барилга байшинг стандарт шаардлагад нийцүүлэлгүй чанар муутай барьж гүйцэтгэж байгаагийн наад захын жишээ энэ гэдгийг танилцуулаад Тендерийн хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаагийн хувьд цаашид чанар муутай ажил гүйцэтгэсэн ААН-ийг хар жагсаалтад оруулаад тендерт оролцуулдаггүй болгоно гэдгийг танилцууллаа. Мөн тэрбээр БЗД-ийн 2-р хороо 18 мянга гаруй хүн амтай хэдий ч төрийн өмчийн нэг ч сургууль, цэцэрлэггүй өдийг ч хүрч байгаа. Тус хороонд 960 хүүхдийн багтаамжтай сургууль бариулахаар  хөрөнгө мөнгийг нь 2019 оны улсын төсөвт суулгасан ч газрын асуудал шийдэгдээгүй байгаа гэв. Ё.Баатарбилэг сайд Нийслэлийн боловсролын газар, БСШУСЯ-ны хөрөнгө оруулалтын газартай хамтарсан ажлын хэсэг байгуулж дээрх сургуулиудад тулгамдаж байгаа асуудлуудтай танилцаж, дүгнэлт гарган гарц шийдэл танилцуулахыг даалгалаа.
Шинээр баригдах сургууль цэцэрлэгийн барилгын тендерийн ажлыг цаг тухайд нь зохион байгуулж ажиллах хүчний нөөцтэй, туршлагатай сайн компаниар чанартай гүйцэтгүүлэх хэрэгтэй. Барилгын хөгжлийн төв болон салбарын яам бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлд онцгой анхаарал тавьж ажиллах хэрэгтэй  гэдгийг салбарын сайд хэллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж