“Оюутолгойн асуудлыг шийдсэн”

Хуучирсан мэдээ: 2015.04.16-нд нийтлэгдсэн

“Оюутолгойн асуудлыг шийдсэн”

-Н.Төмөрхүү: Оюутолгойн татварыг Засгийн газар шийдсэн-

Засгийн газрын “Сайдын цаг”-аар өнөөдөр  Зам тээврийн сайд Н.Төмөрхүү оролцож салбартаа хийж буй ажлаа танилцууллаа.  Тэрбээр,  авто болон агаарын, усан зам тээврийн зохицуулалтыг илүү боловсронгуй болгох, замын барилга угсралтын салбарт норм, нормативын шинэчлэл ажилд анхаарч байгаа аж. Салбарын яам энэ жилдээ багтаж аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбож дуусгахаар төлөвлөжээ. Мөн Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Богд хаан төмөр замын төслийг эхлүүлэхээр бэлдэж буй бөгөөд УИХ энэ асуудлыг дэмжвэл ажилдаа ороход бэлэн болсон талаар салбарын сайд мэдээлсэн. Түүнлчэн Монгол Улсыг тээврийн нэгдсэн төв болгох чиглэлд  транзит тээврийн гэрээ хэлцлүүдийг  хийж байгаа  талаар товч мэдээлэл өгөөд  сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Авто замд холбогдоогүй хэдэн аймаг үлдээд байна вэ?

-Дорнод, Ховд, Говь-Алтай, Улаангом, Улиастай холбогдоогүй байна.  Энэ жил   Хятадын хөнгөлөлттэй зээлээр Баянхонгорын Байдраг, Говь-Алтайн чиглэлийн замуудыг хийнэ. Мөн Тосонцэнгэл, Улиастайн чиглэлийн замуудыг хийж гүйцэтгэнэ.  Үлдсэн Ховд, Улаангом хоёрын замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийхээр төлөвлөж байна. Дорнод аймагт Бондын санхүүжилтээр замын ажил хийхээр төлөвлөсөн. Хөгжлийн банкнаас авах эх үүсвэр нь бэлэн байгаа.

-Энэ онд нийт хичнээн километр авто зам, төмөр зам барихаар төлөвлөж байгаа вэ?

-Байдраг-Говь-Алтайн чиглэлд 126 километр зам тавигдана. Тосонцэнгэл-Улиастай хот руу 129 километр зам, Дорнодын 146 километр за тавигдана.  Баталгаатай эх үүсвэртэй замууд бол энэ байна. Дээрээс нь нэмээд шинэ нисэх буудал болон Улаанбаатарыг холбосон 33 километр, зургаан эгнээтэй хоёр урсгал зам   барихаар төлөвлөж байгаа. Бусад замууд концессын гэрээнд орно. Концессын гэрээ хийгдсэний дараа замын урт тодорхой болох юм. Төмөр замын хувьд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 262 километр замыг консерциумд очсон ч бай, гэрээ бүтэлгүй болсон ч бай стратегийн хувьд чухал гэж үзэж байгаа учраас дуусгана. Мөн Хөөт-Бичигтийн 200 гаруй километрийн ажил байгаа.

УИХ соёрхон баталчихвал  Богд уулын 150 километр төмөр замын ажил эхэлнэ. Монголоор дамжин өнгөрөх ачааг нэмэгдүүлье гэвэ ложистикийн нөхцөл, замынхаа нэвтрэх чанарыг нэмэгдүүлэх ёстой.  Ингэхийн тулд Улаанбаатар төмөр замын шинэчлэл болон нэвтрүүлэх, тээвэрлэх чадварыг нэмэгдүүлэх гээд хоёр гол ажилд анхаарах ёстой болж байгаа юм. Мөн хилээр нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүний ложистикийн нөхцөлийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Мөн Замын-Үүдийн боомтыг сайжруулах үүднээс одоо Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ложистикийн ажил хийгдэж байгаа. Үйл ажиллагаа эрчимжүүлж чадвал таван сая тонн ачаа нэмэгдүүлэх бодит боломж бий.

-Тавантолгойн Ажлын хэсэгт  Зам тээврийн яамнаас  төлөөлөл оролцож байгаа юу?

-Манай яамнаас оролцож байгаа. Мөн Монголын төмөр замаас төлөөлөл оролцож байгаа.

-Засгийн газрын гишүүний хувьд асууж байна л даа. Оюутолгойн 30 саяын татварыг эвлэрлийг гэрээгээр шийдэх шийдвэрийг гаргасан  юмуу?

-Оюутолгойн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдсэн. Энэ хүрээнд шийдэгдсэн асуудал гэж ойлгож болно.

-30 саяын татварыг хүчингүй болгосон  гэдэг үнэн гэсэн үг үү?

-Би энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж