Орон гэргүй болон нярай хүүхэдтэй иргэдэд үнэгүй хоол, хувцас өгч, эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг байнгын үйл ажиллагаатай газар нээж байгаа талаараа өнөөдөр /2019.03.05/ “Түмэнжобс” хөдөлмөр зуучийн компанийн захирал С.Алтансоёмбо мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Манайх хөдөлмөр зуучлалын чиглэлээр 2018 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ жилээс гаднын оронд хөдөлмөр зуучлалын үйлчилгээ явуулахаар бэлтгэл ажил эхлүүлээд байна. Үүний хажуугаар орон гэргүй хүмүүст бага ч гэсэн тус болох ажил явуулах гэж байна. Орон гэргүй хүн сүүлийн үед залуужиж байгаа нь харамсалтай. Эдгээр хүмүүст тус болох үүднээс өдөр бүрийн 12.00-16.00 цагт орон гэргүй хүмүүсийг хооллож, хаягжуулах, ажилд зуучлах ажил эхлүүлж байна. Энэ газрынхаа үйл ажиллагааг маргааш нээнэ. Эхний удаад бид үйл ажиллагаагаа хашаа, байшинд эхлүүлнэ. Манай хашаа, байшин Дэнжийн мянгад 57 дугаар сургуулийн ойролцоо 11 гудамжны 152 тоотод байрлаж байгаа. Цаашид бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн, гуравдугаар сард багтаан дүүрэг бүрт ийм газар байгуулах болно. Бүр цаашлаад 21 аймагт ийм үйл ажиллагаа явуулах болно. Үүнд тийм ч их мөнгө шаардахгүй, хашаа байшингийн сарын түрээс болох 100 мянган төгрөг байхад л болно. Олон хүнийг хооллож, ундлахад тийм ч их мөнгө ордоггүй. Амьдралаа өөрчлөхийг, ажил хийхийг хүсч байгаа хүмүүст энэ нь маш том тус болно. Манай төвийн үйл ажиллагаа хүн бүрт нээлттэй. Бидний үйл ажиллагааг дэмжихийг уриалж байна” гэлээ.
Түүнчлэн уг үйл ажиллагаа нь ямар нэгэн шашинтай хамааралгүй, сайн дурын үндсэн дээр явуулж байгаа гэдгийг тодотгож байлаа.
Холбоотой мэдээ