МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр сонгуулийн тогтолцоог ямар системээр явуулах талаар ард нийтийн санал асуулга явуулах болсон МАН-ын шийдвэрийн талаар ташаа мэдээлэл гарч байгаад албан ёсоор тайлбар хийсэн юм. Тодруулбал, УИХ-ын хаврын чуулганаар сонгуулийн тогтолцооны асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан МАН-ын удирдах зөвлөлийн хуралдаж сонгуулийг ямар системээр явуулахыг ард иргэдийн санал асуулга авах шийдвэрийг гаргасан. Түүнчлэн, УИХ-д ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг МАН өргөн барьсан. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа "МАН байр суурьнаасаа ухарлаа", "МАН ард түмний нэрийг барьж шоудлаа", ард нийтийн санал асуулга хийх нь маш их зардалтай гэх зэрэг мэдээлэл нь үндэслэлгүй болохыг мэдэгдсэн юм.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Бид хөдөө орон нутгийн иргэд, сонгогч түмэнтэй уулзалт хийсэн. Уулзсан, ярилцсан иргэн бүхэн намын жагсаалтаар сонгогддог асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байсан. Намынхаа дэргэдэх судалгааны байгууллагаар судалгаа хийлгэхэд, иргэдийн 93 хувь нь намын нэрсийн жагсаалтаар сонгогддог системийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Ард нийтийн санал асуулга явуулахад 5-6 тэрбум төгрөг шаардлагатай гэж ярьж байна. МАН-ын хувьд хамгийн хямд зардлаар буюу 1-2 тэрбум төгрөгт багтаах боломжтой гэж үзэж байгаа” гэсэн юм. Энэ үеэр түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Асуудлыг УИХ-аар авч хэлэлцэнэ. УИХ дэмжихгүй бол яах вэ?
-Бүх ард түмэнд санал асуулга явуулах асуудлыг УИХ-ын дарга ганцаараа шийддэг юм биш. Асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцээгүй байхад ард нийтийн санал асуулгыг явуулах боломжгүй мэтээр ярьж байгаа нь ёсзүйн хувьд зохимжгүй зүйл. Бид тогтоолын төслөө өргөн барьсан. Өмнө нь УИХ-ын гишүүдийн 3/2 нь дэмжсэн тохиолдолд гэж байсныг саяхан Р.Гончигдорж гишүүн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад энгийн олонхиор буюу 50+1 шийдээд явахаар болсон. Энэ хүрээнд хэлэлцээд явах ёстой.
-Ард түмэн бол та бүхний санаачлагыг дэмжих үү. Зуун хувь мажоратор системээр сонгууль явуулах нь ухарсан алхам гэж үзэх хэсэг байна л даа?
-Жагсаалтаар УИХ-д сонгогдох хувилбарыг ард түмэн дэмжихгүй гэдгээ илэрхийлж байна. Холимог буюу пропорциональ системийг дэвшил авчирсан гэж хэн нотлох юм.
С.ОТГОН