БНХАУ-ын Хятадын Гэрчилгээ бүртгэлжүүлэлтийн газраас манай улсын хэд хэдэн аж ахуй нэгж, байгууллагад мах экспортлох зөвшөөрлийг энэ сарын 13-нд өгчээ. Ийнхүү зөвшөөрөл олгосноор дараах компаниуд БНХАУ-д мах экспортлох бүрэн боломжтой болж байгаа аж. Үүнд,
Дулааны аргаар боловсруулсан үхэр хонины мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох зөвшөөрлийг “Мах маркет”, “Монгол эко мах” ХХК-иудад,
Үхэр, хонины махны нядалгааны үйлдвэрийн зөвшөөрлийг “Мах маркет”, “Грийн грэйс лэнд”, “Монгол эко мах”, “Дархан меат фүүд зэрэг дөрвөн компанид олгосон. Мөн эдгээр аж ахуйн нэгжүүд нь дулааны аргаар боловсруулах үйлдвэрүүдэд түүхий эдээр хангах,
Адууны махны нядалгааны үйлдвэрийн хувьд “Монгол эко мах”, “ Дархан меат фүүд” ХХК-ууд адууны хөлдүү гулууз махыг экспортлох зөвшөөрлийг тус тус авсан байна.
Адууны махны боловсруулах үйлдвэрт “Хаан хүнс” ХХК-ийн адууны махан хөлдөөсөн бууз, банш экспортлох зөвшөөрлийг тус тус олгожээ.
Дашрамд, БНХАУ-ын тухайд махны хэрэглээс жилээс жилд өсч байгаа учраас манай мах экспортлогч дээрх компаниудад ихээхэн боломж байгааг ХХААЯ-ны мэргэжилтнүүд онцолж байна. Тодруулбал, БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос гаргасан тайлангаар хонины махны хэрэглээ нэг хүнд ноогдох хэмжээ нь 2002 онд 2,47 килограмм, 2010 онд 3,01 килограмм, 2015 онд 3,23 килограмм болж өсчээ.
Д.ЖАРГАЛ