Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц энэ оны 3 дугаар сарын 4-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, спортын яамны Биеийн тамир, спортын хорооны дарга Серик Сапиевтай Астана хотноо уулзаж, хоёр талын биеийн тамир, спортын хамтын ажиллагааны харилцааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц түүхийн нийтлэг өв уламжлалтай, найрсаг харилцаа бүхий хоёр орны биеийн тамир, спортын газрын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлээд спортын салбарт хамтран ажиллах ихээхэн боломж байгааг онцлов.
Мөн тэрбээр Казахстан Улсын тамирчид өвлийн спортын төрлөөр амжилт гаргаж байгаа талаар дурьдаж, тус улсад өвлийн спортын төрлөөр хоёр орны баг тамирчдыг хамтарсан бэлтгэл сургуулилт хийх тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлж, Казахстан Улсын Соёл, спортын яамны Биеийн тамир, спортын хорооны дарга С.Сапиевыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.
Казахстан Улсын Соёл, спортын яамны Биеийн тамир, спортын хорооны дарга Серик Сапиев Монголын тамирчид тив дэлхийд өндөр чансаатай, тухайлбал жудо, бокс, буудлагын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх, дасгалжуулагч хамтран бэлтгэх саналтай байгаагаа илэрхийлж, тэрбээр саяхан Монголын Үндэсний Олимпын хорооны одонгоор шагнагдсандаа баяртай байгаа талаараа дурьдав.
Уулзалтын дараа Монгол, Казахстаны Биеийн тамир, спортын газар хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурав.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Холбоотой мэдээ