“Би хөдөөнөөс ирсэн оюутан. Сургуулиа ч төгсөөгүй байж хүүхэдтэй болсон гэвэл хөдөө байгаа аав, ээж маань юу гэх юм бэ”
Арван сар тээсэн үрээ хорвоод мэндлээд хэдхэн хонож байхад нь харанхуй орц, хогийн сав, айлын гэрийн үүдэнд орхиод явдаг эцэг, эхчүүдийн өөрийгөө өмөөрч хэлдэг үг нь энэ. Улаанбаатар хотын цагдаагийн газрын мэдээлэл судалгааны статистикт дурьдсанаар хүүхдээ гудамж талбай, орцонд хаяж явсан хэрэг 2013 онд 10 бүртгэгдэж байжээ. Харин жилийн дараа энэ тоо долоогоор нэмэгдэж 17 болсон байна.
Тэгвэл өнгөрөгч даваа гарагт Баянгол дүүргийн нутаг дахь III, IV хорооллын нэгэн орон сууцны орцонд төрөөд хэдхэн хонож байгаа охин хүүхдийг хаясан хэрэг гарсан билээ. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын цагдаагийн хошууч П.Болормаагаас тодруулбал, хүүхдийг Хүүхдийн төв сувилал руу хэвтүүлэн эмчлүүлж байгаа. Харин эцэг эхийг нь эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг өгсөн юм. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч П.Болормаагаас зарим зүйлийг тодрууллаа.
“Би өөрөө сургуульдаа явах хэрэгтэй”
-Хүүхдээ гудамж талбайд орхих хэрэг сүүлийн жилүүдэд хэр гарч байна вэ?
-Сүүлийн хоёр жилийг харьцуулахад нэмэгдсэн гэж хэлж болно. Гэхдээ хэлбэлзэлтэй л байдаг юм. Он гарсаар хүүхдээ хаясан нэг хэрэг бүртгэгдсэн нь энэ юм. Одоогоор цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа. Хүүхдийг Хүүхдийн төв сувилал руу шилжүүлсэн учраас тэндээс биеийн байдлын талаар мэдээлэл авч болох байх.
-Хүүхдээ хаяж явсан эцэг, эхчүүдтэй уулзахад ямар шалтгаан хэлдэг вэ?
-Өнгөрсөн онд бүртгэгдсэн 17 хэрэг дээр ярья л даа. Ихэнхдээ орон нутгаас ирсэн оюутнууд жирэмсэн болчихоод эцэг эхдээ хэлэхээс айсан гэх шалтгаан хэлдэг. Энэ хүүхдийг тэжээх мөнгө байхгүй, би өөрөө сургуульдаа явах хэрэгтэй гэх зэрэг хариулт хэлдэг.
-Хүүхдээ хаяж явсан дээрх эцэг, эхчүүдэд ямар хариуцлага тооцсон бэ. Мөн хуулийн хүрээнд ямар хариуцлага тооцох юм бэ?
-Хэрэг гарсан тухайн дүүргийн цагдаагийн газрууд тодорхой арга хэмжээ авсан гэх мэдээллийг өгсөн. Хэрэг бүр хоорондоо ялгаатай, өөр байгаа учраас тухай бүрт нь тохирсон арга хэмжээг авсан. Эрүүгийн хуулийн 117.1-т “Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 117.2-т Харин энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зохицуулсан байдаг.
Орхигдсон хүүхдийг давтан шинжилгээнд оруулж байна
Мөн энэ асуудлаар Хүүхдийн төв сувиллын нийгмийн ажилтан, хуулийн зөвлөх О.Анхтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хүүхдийн биеийн байдал ямар байна вэ?
-Хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна. Одоогоор хүүхдийг эхний шинжилгээнд оруулсан. Дараагийн давтан шинжилгээг хийж байгаа.
-Танай төвд үүнээс өмнө хэзээ орхигдсон хүүхдийг хэвтүүлсэн бэ?
-Өнгөрсөн сарын эхэн үед орхигдсон нэг хүүхдийг манайд авчирсан. Гэхдээ эцэг, эх нь олдсон учраас гэр рүү нь буцаасан.
-Өнгөрсөн онд танай төвд хэчнээн орхигдсон хүүхэд ирсэн бэ. Хэдэн хүүхдийн эцэг, эх эргэж ирсэн бэ?
-Өнгөрсөн онд 27 хүүхэд Хүүхдийн төв сувилалд хүргэгдэн ирсэн. Тал хувь нь буюу 13 хүүхдийн эцэг эхийг нь олж, хүүхдийг гэр бүл рүү нь буцаасан. Харин үлдсэн 14 хүүхдийн эцэг эх нь олдоогүй. Тэдний эцэг, эхчүүдийг нь эрэн сурвалжилж байна.
-Хүүхдээ орхиж явсан эцэг, эхчүүд эргэж ирээд шалтгаанаа юу гэж тайлбарладаг вэ?
-Ихэнхдээ гэр бүл салсан, эсвэл архидан согтуурсан үедээ хүүхдээ хаясан зэрэг шалтгаан хэлдэг. Ер нь зөвхөн гудамжны гэх тодотголтой хүмүүс хүүхдээ орхидог гэвэл өрөөсгөл ойлголт юм.
Б.ЗАЯА