Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг цагдан хорих 461 дүгээр анги руу ачжээ
Эрүүгийн цагдаагийн алба ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон нарын албан өрөөнд нэгжлэг хийсэн талаар бид хэдэн мөчийн өмнө мэдээлсэн. Мөн цагдаагийнхан холбогдогчдыг цагдан хорих саналаа Нийслэлийн Прокурорын Газрын хяналтын прокуроруудад хүргүүлсэн бөгөөд хараахан шийдвэрлээгүй байна.
Гэтэл Эрүүгийн цагдаагийн албаныхан албан өрөөнд нь нэгжлэг хийж дууссаны дараа 21.40 цагийн үед Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу ачжээ. Тэднийг 48 цагийн хуулийн хугацаанд саатуулах ба үүний дараа үргэлжлүүлэн хорих эсэхийг хуулийн байгууллага шийдвэрлэнэ.
О.Орхоноос мэдүүлэг авч дуусчээ
Худалдаа, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхоноос байцаалт авч дуусчээ. Одоогийн байдлаар Эрүүгийн цагдаагийн алба "Монголын зэс корпораци" ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатарыг байцааж байна.
Харин О.Орхон, Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин нарыг 48 цаг саатуулан шалгах эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ хууль хүчний байгууллагынхан тэднийг дагуулан Худалдаа, Хөгжлийн банк руу авч явсан гэх мэдээлэл байна. Үүнээс гадна, Худалдаа, хөгжлийн банканд нэгжлэг хийж байж болзошгүй гэв.
Эх сурвалжийн мэдээлснээр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг үргэлжлүүлэн 48 цаг саатуулан шалгана гэсэн мэдээллийг өгөөд байна.
Д.Эрдэнэбилэгээс мэдүүлэг авч дуусчээ
Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг байцаалт өгч дуусч, цагдаагийн газрыг орхин явсан байна.
Одоогийн байдлаар Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголын зэс корпораци"-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нар байцаалт өгч байна.
“Монголын зэс корпораци"-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар байцаалт өгөхөөр иржээ
“Монголын зэс корпораци"-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар яг одоо Эрүүгийн цагдаагийн газар байцаалт өгөхөөр ирээд байна. Тэрбээр өнөөдрийн үүсээд буй “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд тайлбар өглөө.
Тэрбээр “Манай компанийн зүгээс ямар нэгэн мөнгө төрөөс аваагүй. Монголбанк, Хөгжлийн банкны албан бичигт байгаа. Намайг өнөөдөр ирж мэдүүлэг өг гэсэн. Тэрний дагуу мэдүүлэг өгөхөөр ирж байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ биднийг төрөөс мөнгө авсан хэргээр шалгаад байгаа шүү дээ. Би хувьдаа дөрвөөс таван удаа цагдаагийн газар ирсэн. Бид бүхэн санхүүгийн мэдээллээ төрийн байгууллагад гаргаж өгсөн. Манай компанийн авсан зээлийн гэрээ олон нийтийн сайтад байгаа. Энд төр хувийн компани руу дайрч байгаа процесс гэж харж байна. Манай компани Худалдаа хөгжлийн компанитай зөвхөн зээлийн харилцаатай” гэлээ.
-Танаас гэрчийн мэдүүлэг авна гэв үү?
Л.Оюун-Эрдэнэ сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргынхаа үүргийн дагуу өнөөдрийн үйл явц болж байгаа юм байна гэж ойлгож байна. Хуулийн байгууллага хараат бусаар ажиллах ёстой. Бид Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн зүйл байхгүй. Өчигдөр гаргасан тавилттай нэвтрүүлгийн дагуу өнөөдрийн үйл явц болж байгаа юм болов уу гэж харж байгаа.
-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг яаж авсан юм бэ. Тэр хөрөнгөө тайлбарлаж болох уу?
-Манай компанийн зүгээс ямарваа нэгэн байдлаар улсаас мөнгө аваагүй. Сангийн яам, Хөгжлийн банк, Монголбанкнаас манай компани асуулга тавиад тэрнийхээ дагуу манай компани төрөөс нэг ч төгрөг аваагүй гэдгийг нотолсон төрийн байгууллагын албан бичиг байгаа. Тэр албан бичгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараана. Хэрэг эрхлэх газрын дарга нь цагдаагийн дарга даа үүрэг өгөөд хууль хүчний байгууллагыг санаатайгаар энэ үйл явцыг тохож байна.
-Худалдаа хөгжлийн банкны талаар мэдээлэл байна уу?
-Би Монголын зэс компанийг төлөөлж байгаа.
-Эрүүгийн цагдаагийн газраас таныг ямар шалтгаанаар дуудсан бэ?
-Ирж мэдүүлэг өг гэсэн. Тэрний дагуу мэдүүлэг өгөхөөр ирлээ. Тайлбар үндэслэл хэлээгүй. Л.Оюун-Эрдэнэ сайдын ярьсанчлан төрөөс мөнгө авсан эсэхийг шалгаад байгаа шүү дээ. Энэ үйл явц сүүлийн хоёр жилийн хугацаанд шалгагдаж байна. Тэрнээс биш бид материалаа нуугаад, зугтаад байгаа зүйл байхгүй. Бид бүхэн санхүүгийн мэдээллээ төрийн байгууллагад гаргаж өгсөн.
-400 сая ам.долларыг хаанаас олсон бэ гэдгийг тайлбарлаж болох уу?
-Тэр зүйлийг бид нар сүүлийн хоёр жилийн турш ярьж байгаа. Манай компанийн авсан зээлийн гэрээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энд системтэйгээр хувийн байгууллага руу дайрч байгаа үйл явц үргэлжилж байна.
Манай компани Худалдаа хөгжлийн банктай зөвхөн зээлийн харилцаатай. Тус банкнаас зээл авсан. Зээл өгсөн байгууллага нь буруутгагдаад явж байгаа гэж ойлголоо. Төрийн байгууллага үнэн зөв шударгаар ажилладаг бол нэг хоёр хоногийн дараа бүх зүйл тодорхой болох байх. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой шүүх хурал удахгүй болох гэж байгаа гэсэн мэдээлэл бий. Түүнийг дарахын тулд өнөөдөр ийм ажиллагаа явуулж байгаа юм биш биз гэсэн хардлага надад байна. ЖДҮ-тэй холбоотой шалгалтыг хийх ёстой. Түүнд нэр холбогдсон хүмүүс үйлдлээ дарахын тулд ингээд байгаа юм биш үү гэсэн хардлага төрж байна. “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкинд өрөнд орчихсон. Өрөнд орсон процесс нь эх баригч намуудын эрх барьж байгаа үед бий болсон. Үүнийг хэн ч яагаад ярихгүй байгаа юм.
Та бүхэн сайн санаж байгаа бол 2016 оны тавдугаар сард “Стандарт” банкны өөрийнх нь арбитрын шийдвэр гарчихсан. Арбитрын хурал 2013 оноос эхэлсэн. Манай компани 2016 оны зургаадугаар сараас хувьцаа эзэмшигч болсон. Ямар нэгэн оролцоогүйгээр “Стандарт” банкны шийдвэр гарчихсан. Зөвхөн 2016 оны есөндүгээр сард бидэнд цаасаар ирсэн. Тэрнээс өмнө манай компанийн оролцоогүй явсан. Дандаа гэрчээр дуудагдаж байгаа. Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ сайдын хэлсэнчлэн бид зугтаж байсан бол өнөөдөр ирэхгүй байх байсан.
-Танай компани өнөөдрийг хүртэл ногдол ашгаа аваад явж байгаа гэсэн үнэн үү?
-Би нарийн мэдээллийг жичдээ өгье. Энэ онд аваагүй.
-Хэдэн хүнийг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм бол?
-Ц.Пүрэвтүвшин захирлаас мэдүүлэг авсан гэсэн. Тэрнээс өөр мэдээлэл алга.
-Өнгөрсөн оны ногдол ашгийн тухайд?
-Өнгөрсөн онд бид нар ногдол ашиг аваагүй. 2018 оны санхүүгийн жил дуусаагүй аудит хийгдээгүй байна. Тийм болохоор ногдол ашиг аваагүй. 2017 оны мэдээллийг санахгүй байна.
-Нууцаас гарсан материалын тухайд та мэдээлэл өгөхгүй юу?
-Нууцаас гаргасан танилцуулсан материал нь хоёр жилийн өмнө ил гарсан зүйл. Хоёр жилийн өмнө хэвлэлээр нарийвчлан гаргасан. Л.Оюун-Эрдэнэ сайд хоёр жилийн өмнөх явдлыг дахин гаргаж ирээд сенсацлаад байна. Нөгөө талд нь 51 хувийн асуудал яригдаад мөнгөө төлөөд явж байгаа шүү дээ. Эх баригч нам одоо болох гэж буй Эрдэнэтийн шүүх хурлыг намжаахын тулд ийм ажиллагаа хийж байна. Манай компанийн зүгээс хэд хэдэн удаа төрийн өндөрлөгүүдэд уулзах хүсэлт тавьсан. Тэгтэл хариу өгөөгүй. 2018 оны зургаадугаар сард аюулгүй байдлын зөвлөлд уулзах хүсэлт өгч байсан.
Ц.Пүрэвтүвшин цагдаагийн газрыг орхиж, Д.Эрдэнэбилэг, О.Орхон нар үлдэв
Дөнгөж сая "Монголиан зэс корпораци” ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүвшин мэдүүлгээ өгч дуусаад Эрүүгийн цагдаагийн албанаас гарч явлаа.
Харин Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон нараас байцаалт авч, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Б.Баатархүү: АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгалтын ажиллагаа явуулж байна
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар О.Орхон, Д. Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин нарыг шалгаж байгаа. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. АТГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж байна” гэж ярилаа.
Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаныхан гүйцэтгэх ажиллагаа явуулж, Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ.
Д.ЭрдэнэбилэгийГ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших “Энхжин” хотхоноос саатуулсан бол О.Орхоныг ажлын байран дээрээс нь цагдаагийнхан саатуулсан байна. Харин Ц.Пүрэвтүвшин нь Цагдаагийн ерөнхий газарт очин, байцаалт өгчээ.
Засгийн газрын гишүүн болох Л.Оюун-Эрдэнэ нар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д худалдан авахад голлон оролцсон хүний нэг нь сахал Д.Эрдэнэбилэг гэж ярьдаг бөгөөд Худалдаа хөгжлийн банк оролцсон гэх нь бий. Гэхдээ Ц.Пүрэвтүвшин нар Худалдаа хөгжлийн банк үүнд хамааралгүй гэдэг байр суурийг илэрхийлсээр ирсэн юм.
Ц.Пүрэвтүвшингээс тайлбар авч байна
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингээс яг одоо хуулийнхан тайлбар авч буй аж.
Мэдүүлгийг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаныхан авч байгаа гэх мэдээлэл байна. Түүнийг хуулийнхан баривчилсан гэх мэдээлэл тархсан ч батлагдсангүй. Түүнийг үүрээр тус газарт авчирсан юм байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд авахдаа төрийн мөнгөөр авсан байж болзошгүй, санхүүгийн эх үүсвэрийг босгосон схем нь үүнийг гэрчилж байгаа гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Мөн “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Л.Оюун-Эрдэнэ ташаа мэдээлэл тарааж нэр хүндэд халдсан. Л.Оюун-Эрдэнэ уучлал гуйх ёстой. Хуулийн байгууллагынхан надаас болон манайтай хамтарч ажилладаг бизнесийн түншүүдээс мэдүүлэг тайлбар авсан. Бид шалгах ажиллагаанд нь саад учруулаагүй гэдэг тайлбар хийсэн билээ.
Мөн энэ цаг мөчид Эрүүгийн цагдаагийн албаныхан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших “Энхжин” хотхоныхон ажиллаж байгаа юм.
Одоогоор ямар шалтгаанаар тус байранд ажиллах болов гэдэг тодорхойгүй байна.
Э.ЭНХ
Холбоотой мэдээ