Олон Улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /СХН, The Alliance for Financial Inclusion, AFI/-ийн бодлого тодорхойлогчдын дээд хэмжээний чуулга уулзалт Бүгд Найрамдах Кот д’Ивуар Улсын Абиджан хотноо өчигдөр эхэллээ. Нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн “Санхүүгийн хүртээмжийн ирээдүйг шинэчлэх нь” сэдэвт тус чуулганы хуралдааныг даргалав.
Дэлхий дахинд өнөөгийн байдлаар банк, санхүүгийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа 1.7 тэрбум хүн байна гэсэн судалгааг СХН-ээс гаргажээ. Тэдгээр хүмүүст санхүүгийн үйлчилгээг хүргэх стратегийг төлөвлөх, цаашид хүртээмжтэй санхүүг ямар чиг хандлагаар өргөжүүлэн хөгжүүлэхийг тодорхойлох зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хуралдаанаар хэлэлцэв. Түүнчлэн хөгжиж буй орнуудад тулгарч буй санхүүгийн хүртээмж дэх жендерийн тэгш бус байдлыг багасгах арга зам, тэдгээрийн шийдлүүдийг эрэлхийлж, технологийн дэвшилд суурилан санхүүгийн хүртээмжийг тэлэх боломж, гарцуудын талаар хэлэлцэн, гишүүн улс орнуудын төв банк, санхүүгийн зохицуулагч байгууллагуудад хандан дээрх асуудлуудаар зохих зөвлөмжийг өгөхөөр боллоо.
Бодлого тодорхойлогчдын дээд хэмжээний чуулга уулзалтад СХН-ийн гишүүн төв банкууд, олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн дэлхийн санхүүгийн салбарын 180 гаруй удирдагчид оролцож байна. Хорооны дарга, доктор С.Даваасүрэн чуулга уулзалтад тэргүүлэх байр суурьтай оролцож байгаа нь СХН дэх Монгол Улсын оролцоог улам бүр өргөжүүлэх ач холбогдолтой. Учир нь хүн амын эмзэг бүлгийн оролцоо санхүүгийн салбарт нэмэгдэх хэрээр улс орны эдийн засгийн өсөлт болон санхүүгийн тогтвортой байдалд ихээхэн эерэг нөлөө үзүүлдэг тул санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь улс орны хөгжил, тэр дундаа банк, санхүүгийн салбарын өсөлтөд томоохон үүрэг гүйцэтгэдэг юм.
Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Холбоотой мэдээ