Цэргийн ангид дахин нэг цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлагч Г нь элс ачиж явсан машинд дайруулж амиа алдсан хэрэг 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр гарчээ. Энэ асуудлаар бид Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт шалгалт үнэлгээний газрын Шинжилгээ үнэлгээний ахлах мэргэжилтэн хурандаа С.Өлзийтогтохоос амиа алдсан алба хаагчийн талаар тодрууллаа.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд "Дээрх хэрэг 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр гарсан. Тухайн өдөр 310 дугаар ангийн сарын төлөвлөгөөт ажлын дагуу “Найман шарга” сувиллын газарт хайрга татах ажлаар томилогдсон хоёр ажилтан албан үүргээ гүйцэтгэж байхдаа осолд орсон. Тэдний нэг нь жолооч, нөгөө нь ахлах ахлагч байсан" гэв.
-Тухайн үед ямар осол гарсан юм бол?
-Хайрга татах ажилд хоёр жолоочийн нэг нь энгийн жолооч байсан. Нөгөө нь туслах жолоочоор томилогдоод явж байжээ. Тухайн үед ачааны машин руу хайрга ачсан байгаа юм. Хайрга ачиж дууссаны дараа газрын гадаргуу халтиргаа гулгаа ихтэй, өгсүүр байсан. Тиймээс дээшээ явахдаа хүч алдаж зогссон. Энэ үед машинаа хөдөлгөхийн тулд ахлах ахлагч Г нь буугаад эв хийж туслахаар болсон. Тухайн үед жолооч, ахлах ахлагч хоёр үл ойлголцсоны улмаас машин хойшоо гулгаж осол гарсан.
-Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан гэдэг мэдээллийг тодруулж болох уу? Ямар барилгын ажил байсан бэ?
-Манай 310 дугаар ангийн харьяа “Найман шарга” төвийн сувиллын барилгын үйл ажиллагаанд буюу цахилгааны шугам татах ажилд туслахаар ирсэн байсан. Бид хэргийн газар сүүлд очсон. Биднийг очиход цагдаагийн байгууллага шалгаж байсан.
-Осол хэдийн цагийн орчимд гарсан бэ?
-Дээрх осол тухайн өдрийн 19.00 цагийн орчимд гарсан
-Тухайн цэргийн алба хаагч газар дээрээ амиа алдсан уу?
-Бид хэргийн газар сүүлд очсон болохоор цагдаагийн байгууллага үүнд хариулт өгөх байх.
-Амиа алдсан ахлагчийн талаар ярихгүй юу?
-Амиа алдсан алба хаагч нь ахлах, ахлагч цолтой 51 настай Я.Ганболд гэх хүн байсан.
-Энэ хэрэгтэй холбогдуулж өөр хүнийг хорьж саатуулсан уу?
-Тухайн үед байсан жолоочийг шалгаж байгаа байх.
-Цэргийн алба хаагчдыг орон сууц, байшин барихад дайчилдаг гэсэн мэдээлэл бий?
-Тийм зүйл байхгүй.
-Өнгөрөгч нэгдүгээр сард Зүүнбаян дах цэргийн ангид алба хааж байсан хугацаат цэрэг амиа алдсан. Талийгаачийн шүүх эмнэлгийн хариу гарсан гэж сонссон. Энэ талаар та мэдээлэл өгөх боломжтой юу?
-Мэдээлэл нь ирээгүй учраас хариулт боломжгүй.
-Жолоо барьж байсан хүмүүс нь ямар хүмүүс байсан бэ?
-Ц.Хүрэлхүү гэх энгийн жолооч байсан.
Э.АРИУН
Холбоотой мэдээ