Монголын уул уурхай, дэд бүтэц, барилгын салбарын тэргүүлэх ханган нийлүүлэгч, Катерпилларын албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК уламжлалт ёсоор CAT CARE-2019 өдөрлөгийг өөрийн төв оффис дээрээ гуравдугаар сарын 1-нд зохион байгууллаа. Өнгөрсөн оны яг өдийд буюу гуравдугаар сарын 2-нд “CAT CARE-2018” өдөрлөг алтны салбарынхан, тэр дундаа алт олборлогчид руу түлхүү чиглэсэн сургалтуудаар өрнөж байсан бол энэ удаад “Шинэ үеийн экскаваторууд”-ын танилцуулгыг Катерпилларын бүс нутгийн инженер, техникийн мэргэжилтнүүдийн хамтаар зохион байгуулж, харилцагчидтай уулзан, сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийн ололт амжилтын талаар санал солилцсон билээ.
Шинэ үеийн экскаватор нь оператороос шалтгаалахгүйгээр өөрөө өөрийгөө автоматжуулах үйл ажиллагааны горимд шилжсэнээр хэрэглэгчийн үр ашгийг 45% хүртэл нэмэгдүүлж, түлшний зарцуулалтыг 25% хүртэл, засвар үйлчилгээний зардлыг 15% хүртэл тус тус багасгах давуу талтай. Энэ удаагийн өдөрлөг нь үйл ажиллагааны хэд хэдэн хэлбэрээр явагдсан ба үдээс хойших арга хэмжээний хөтөлбөрт харилцагчдыг олон групп болгон хувааж, тусгайлан тохижуулсан хэсгүүдээр аялуулж, бодит техник дээр дадлага туршлага хийж судалснаар энэ удаагийн арга хэмжээ өндөрлөсөн юм.