Морин хуурын өв соёлоо судалж, хөгжүүлэн дэлгэрүүлэх зорилгоор Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “Икел сан”, Морин хуурын төвөөс санаачлан мэргэжлийн морин хуурчдын олон улсын тэмцээныг зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, ирэх долдугаар сард Мэргэжлийн морин хуурчдын олон улсын IV уралдааныг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатарт зохион байгуулахаар зарласан байна. Мэргэжлийн морин хуурчдын дунд болсон I,II уралдаан 2002,2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, төрийн их хуурч Г.Жамъянгийн нэрэмжит болон зохион байгуулагдсан бол III уралдааныг олон улсын уралдаан болгон зарлаж, 2010 онд амжилттай зохион байгуулжээ.
Уралдаанд оролцогчдыг тавдугаар сарын 25-наас зургаадугаар сарын 10-ныг дуустал бүртгэнэ. Уралдаанд оролцох журамд:
- Мэргэжлийн урлагийн байгууллагын хөгжимчид болон бүх шатны сургалт явуулж буй сургуулиудын оюутнууд, чөлөөт уран бүтээлчид оролцоно.
- Уралдааны программыг хангасан морин хуур суралцагч, тоглогч, гадаадын иргэд оролцоно.
- Оролцогч концертмейстрээ өөрөө хариуцна.
- Өмнөх уралдаандуудад түрүүлсэн уран бүтээлч дараагийн уралдаанд оролцохгүй.
- Уралдаан гурван үе шаттай бөгөөд заагдсан бүтээлүүдийг тоглоно.
Уралдааны шагналтнуудын гала тоглолтыг 2015 оны долоодугаар сарын 14-ний өдөр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохиогдох Морин хуур фестивалийн үеэр зохион байгуулж, шагнал гардуулна. Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч 1992 онд “Төрийн хан хуур залах тухай”, 2002 онд “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай зарлиг”-ийг тус тус буулгасан. Мөн 2003 онд Юнеско-гоос морин хуур хөгжмийг хүн төрөлхтний оюуны үнэт өвөөр бүртгэн дэлхий дахинаа зарлан тунхагласан юм.
Б.БИЛГЭЭ