Жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдрийг дэлхий даяараа “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” болгон улс орон бүр янз бүрийн байдлаар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 онд АНУ-д эмэгтэйчүүд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийн сацуу зарим газар эмэгтэйчүүд, тэдний хувь нэмэр, оролцооны ач холбогдлын тухай ойлголтыг нэмэгдүүлэх, тэдний үнэ цэнийг мэдрүүлэх зорилго бүхий “Эмэгтэйчүүдгүй нэг өдөр” нэртэй жагсаал цуглаан улс орон даяараа зохион байгуулж байжээ. Энэхүү жагсаал цуглаанаас улбаалан “АНУ-д эмэгтэйчүүдгүй нэг өдрийн нийгэм, эдийн засгийн амьдрал ямар байх вэ” гэсэн сонирхолтой тооцоо судалгааг “Money.com” сайт гаргасан байна.
- АНУ-ын нийт ажиллах хүчний тэн хагас нь байхгүй болно. АНУ-д ажиллах хүчний 47 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Ажиллах хүчнйи хагас нь байхгүй болохоор эдийн засагт хэрхэн нөлөөлөх нь ойлгомжтой.
- Дундаж цалингийн хэмжээ огцом өснө. АНУ-д дундаж цалинтай ажиллах хүчний 2/3-ыг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Харин энэ бүлэгт ажиллаж буй эрэгтэйчүүдийн жилийн дундаж орлого 50 мянга 383 ам.доллар байгаа бол эмэгтэйчүүдийнх 39 мянга 621 байдаг байна. Энэ нь эрэгтэйчүүд 1 ам.доллар авч байхад тэдэнтэй яг ижил ажил хийж байгаа эмэгтэйчүүд 79 цент авч байна гэсэн үг юм.
- Боловсролын систем уналтад орно. Улсын сургуулийн багш нарын ¾ нь эмэгтэй багш нар байдаг. Эмэгтэй багш наргүйгээр энэ улсын нэг ч сургууль ажиллах боломжгүй болно.
- Бусад салбарууд ч мөн гацаанд орно. Бараг салбар бүрт ажиллах хүчний дийлэнхийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Жишээлбэл:
- Шүдний эрүүл ахуйн салбарын 96 хувь
- Албан ёсны зөвшөөрөлтэй сувилагчдын 91 хувь
- Худалдаа, үйлчилгээний салбарын 84 хувь
- Нягтлан бодогчдын 60 хувь
- Эмийн санчдын 54 хувьд нь тус тус эмэгтэйчүүд ажиллаж байна.
- Цэргийн албан хаагчдын 15 хувь нь байхгүй болно. АНУ-ын армийн алба хаагчдын 14 хувь буюу 214 мянган эмэгтэй цэргийн алба хааж байна. Үүний дотор агаарын цэргийн 19 хувь, тэнгисийн цэргийн 16 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.
- Томоохон компаниудын удирдах албан тушаалтнуудын 15 хувь нь эмэгтэйчүүд. Удирдах салбарт эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь тийм ч их биш. Аж үйлдвэр, худалдаа үйлчилгээний дундаж салбарт эмэгтэйчүүд тал илүү хувийг эзэлж байхад удирдах түвшинд эмэгтэйчүүд 15 хувийг л эзэлдэг.
- Хамгийн том 500 компанийн 4 хувь нь ерөнхий захиралгүй болно. АНУ-ын хамгийн том 500 компанийн 21 нь эмэгтэй захиралтай. Энэ нь 96 хувь нь эрэгтэй захиралтай, үлдсэн 4 хувь нь л эмэгтэй захиралтай гэсэн үг юм.
- Коллежид элсэгчдийн тоо нэг дахин буурна. Дөрвөн жилийн коллежид элсэгдийн 55 хувь нь эмэгтэйчүүд байдаг.
- 10 мянга 829 хүүхэд мэндлэхгүй. Энэ бол АНУ-ын нэг өдрийн дундаж төрөлтийн тоо. Харин дэлхий даяар нэг өдөрт дунджаар 360 мянган хүүхэд мэндэлдэг. Дундаж нас баралтын тоо энэ улсад 7,200 байдаг. Нэг л өдөр эмэгтэйчүүд байхгүй бол хүн амын өсөлтөд маш сөргөөр нөлөөлнө.
- Эмч нарын тоо огцом буурна. АНУ-ын эмч нарын 1/3 нь эмэгтэйчүүд. Гэхдээ хамгийн их үйлчлүүлэгчтэй бүлэг буюу эмэгтэйчүүдийн эмч нарын 85 хувь, сэтгэцийн эмч нарын 57 хувь, өрхийн эмч нарын 58 хувь, хүүхдийн эмч нарын 75 хувь нь эмэгтэйчүүд байдаг.
- Сайн дурынхны 60 хувь байхгүй байх байсан. АНУ даяар 62 мянган хүн сайн дурын ажил хийдэг. Тэдний 36 мянга нь эмэгтэйчүүд. Энэ төрлийн ажил хийх, зохион байгуулах, удирдан чиглүүлэх тал дээр эмэгтэйчүүд илүү санаачилгатай, идэвхтэй ханддаг байна.
- Гэр орны ажил орхигдоно. Нэг үеэ бодвол эрэгтэйчүүд, аав нар гэр орны ажилд оролцох, хүүхэдтэй цагийг өнгөрөөх зэрэгт идэвхтэй байдаг болсон ч эмэгтэйчүүд буюу ээжүүд гэрийн ихэнх ажлыг хийж, хүүхдүүдээ асран хүмүүжүүлэхэд эрэгтэйчүүдээс харьцангуй илүү цагийг зориулдаг хэвээр байна. Ээж нар долоо хоногт 13 цагийг хүүхдээ асрахад зарцуулдаг бол аав нар 7 цаг, хоол хийхэд эмэгтэйчүүд өдөрт дунджаар 37 минут зарцуулдаг. Харин эрчүүд 17 минут, цэвэрлэгээнд эмэгтэйчүүд 29 минут, эрчүүд 10 минут, угаалга хийхэд эмэгтэйчүүд 17 минут зарцуулж байхад эрчүүд 5 минут зарцууддаг ажээ. Үүнээс гадна гурван эхнэр тутмын хоёр нь байнга гэр орныхоо хэрэгцээт зүйлс, хүнсээ ганцаараа явж авдаг гэнэ.Харин эрчүүдийн 30 хувь нь энэ ажилд гар бие оролцдог.
Холбоотой мэдээ