Залуу хосод түрээсийн байраас өөр сонголт алга

Хуучирсан мэдээ: 2019.03.05-нд нийтлэгдсэн

Залуу хосод түрээсийн байраас өөр сонголт алга

Залуу хосод түрээсийн байраас өөр сонголт алга

Хавирга жиндүүлсэн хүйтний улирал, хоолой хорсгосон утаатай өвлийн улирлыг нийслэлийнхэн ардаа үдлээ. Жавар тачигнасан өвлийн урт өдрүүдэд иргэдийн дунд хамгийн эрэлттэй байдаг нь түрээсийн орон сууц болон нийтийн байр. Төр иргэдээ байраар хангах бодлого барьж байгаа ч орон сууцны зах зээлд түрээсийн орон сууц хайж байгаа хүний тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Үүнийг дагаад орон сууц, нийтийн байр, байшингийн үнэ өссөнийг зарын сонин, сайтуудаас харж болно. Харин түрээсийн мөнгөөр хэтэвчээ түнтийлгэдэг байрны эзэд хавар болж, дулаан ормогц үнээ буулгадаг жишигтэй. Учир нь, оюутнууд орон нутгийг зорьж, залуу гэр бүл илүү хямд үнэтэйг нь бодолцон хашаа байшинд гарах нь түгээмэл. Мөн халаалт зогсдог гээд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг.

ТҮРЭЭСИЙН БАЙРНЫ ҮНЭ ЦААШИД Ч БУУХ ШИНЖГҮЙ

Түрээсийн төлбөр, түүнийг төлөх нөхцөл ямар байгааг сонирхож түрээсийн байрны үнэ ханш буурсан эсэх талаар сурвалжиллаа. Зарын сайт болох zar medee.mn, unegui.mn зэрэг сайтад нэг өрөө байрны дундаж үнэ 400-800 мянган төгрөг бол хоёр өрөө байр 550-850 мянга, гурав ба түүнээс дээш байр 750 мянгаас 2.2 сая хүртэлх төгрөгийн ханштай байна. Тухайлбал, метр квадрат болон байршлаасаа хамааран үнийн хувьд адилгүй байгаа юм.

Тэгвэл хажуу өрөө хамгийн хямд нь 150 мянга бол үнэтэй нь сарын түрээс 300 мянган төгрөг аж. Нийтийн байр дунджаар 80-250 мянган төгрөгийн үнэтэй. Эндээс орон сууцны түрээсийн үнэ бууж эхлээгүй нь харагдаж байна. Зарын дагуу утсаар холбогдвол орон сууц түрээслэгчдийн зүгээс төлбөрөө дор хаяж гурван сараар нь авах сонирхолтой мөн урьдчилгаа сарын барьцаа мөнгө нэхэж байв. Сар сардаа төлөх байр цөөхөн байх ба барьцаа мөнгийг байрны эд материалын элэгдэл хорогдлын мөнгө гэж тооцон авч байгааг эзэд нь хэлсэн. Хэрэв түрээслэгч байранд амьдрах хугацаандаа гэрийн эд хогшлыг гамтай эдэлбэл мөнгийг буцаан олгоно гэж тайлбарласан. Тэгвэл хажуу өрөө, нийтийн байр түрээсийн мөнгөө сар сард нь авч байна.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, нэгдүгээр хороолол хархорин захын ард байрлах 27 дугаар байранд хажуу өрөө түрээслүүлдэг иргэн Н “Өрөө түрээсэлж байсан оюутнууд түрээс төлөх өдрөөсөө өмнө гарчихлаа. Оюутнууд хоёр, гурваараа нийлж өрөө түрээслэх нь их байх юм. Хавар болохоор зэрэг л гэнэт л гараад гараад явчихна. Өчигдөр л зар тавьсан. Гэтэл олон хүн залгаж байна. Саяхан нэг бага насны хүүхэдтэй эмэгтэй өрөө түрээсэлсэн. Би олон жил өрөө түрээслүүлж байна. Хараад байхад залуу хосууд маш их байр түрээсэлж байна. Орон сууцтай болох боломж хомс байна шүү дээ” гэлээ. Ингээд түрээсийн байрны үнэ ханш болон  байр хайсан залуустай уулзахаар хамгийн хямд өртөг багатай нийтийн байрыг зорилоо.

ТҮРЭЭСЛҮҮЛЭГЧИД ҮНЭЭ БУУЛГАХ СОНИРХОЛГҮЙ 

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Тасганы овоо буюу Баянбүрдийн тойрогт байрладаг гэр хороолол дунд сүндэрлэсэн дөрвөн давхар бүхий залгаа нийтийн байруудаар орлоо. Дөрвөн давхар бүхий нийтийн байрны хашаагаар орвол дотор нь мөн хоёр давхар урт тоосгон байшин байлаа. Хашаанд машин тавих зайтай том. Энд дөрвөн давхар бүхий нийтийн байранд 27 айл байдаг бол зэргэлдээ хоёр давхарт нь 10 айл байдаг аж.  Түрээсийн  үнэ 120-130 мянган төгрөг. Усаа худгаас авах ба төвийн системд холбогдсон тул халаалттай юм байна.

Байрны эзэн хашаандаа нэг давхар модон байшинд байрлаж, гэртээ орж гарч байгаа хүмүүсийг камераар хянадаг аж. Нэрээ нууцлахыг хүссэн байрны эзэн эмэгтэй хэлэхдээ “Нийтийн байранд залуу гэр бүл ихэвчлэн сууж байна. Тогтвортой удаан хугацаанд түрээслэхийг хүсдэг. Өнөөдөр хүн бүр орон сууцтай байх боломж хомс байна шүү дээ. Түрээсийн байр хайж ирсэн хүмүүст бид хатуу шаардлага тавьдаг. Хэн нэгэн архи ууж, агсам согтуу тавьбал бусдын амгалан тайван байдал алдагдаад хэцүү шүү дээ. Тиймээс архи уудаг хүн авах дургүй. Зарын дагуу маш их хүн ирдэг. Зарим нь байргүй хоцорч өөр түрээсийн байр хайхаар явдаг. Бид аль болох боломжийн үнээр түрээслүүлдэг тул үнээ буулгах боломжгүй” гэлээ. Тус байранд оюутан, залуу гэр бүлээс гадна ахимаг насны гэр бүл ч бас байр түрээсэлж амьдардаг. Тэдний хувьд яриа өгөхөөс татгалзсан юм.

Мөн харалдаа байрлах дөрвөн давхар бүхий нийтийн байрны хаалгыг татлаа. Хашаан дотроо жижигхэн хороолол гэмээр сүлжсэн хоёр, гурав, дөрвөн давхар бүхий байр байлаа. Дөрвөн давхар бүхий энэ байранд нийт 40 айл байх ба нэг давхартаа 10 айл байдаг. Төвийн шугамд холбогдсон болохоор дотроо 00 болон халуун хүйтэн устай аж. Нэг өрөө нь 15 мкб талбай ба сарын төлбөр нь 220 мянган төгрөг. Ийм нийтийн байр нэг хашаанд хоёроос дөрөв байсан юм. Нийтийн байрны эзэнтэй уулзвал “Манайх чинь жижигхэн хотхон л гэсэн үг. Энд 100-аас илүү хүн амьдарч байна. Төвийн шугамд холбогдсон орон сууцнаас дутахааргүй болохоор үнэ буулгах боломжгүй” гээд хаалгаа хаав. Тэр эндээ гэрээ орон сууц шиг тохижуулж хоёр, гурав бүхий тасалгаатай болгосон байлаа. Түүний хувьд хэвлэлийнхэн ирж “амар заяа”-г нь үзүүлдэггүй болохоор ярилцлага өгөхөөс татгалзсан юм. Түрээслэгчдийн хувьд ихэнх нь залуу хос, оюутнууд гарч орж байв. Энд оршин суудаг залуу хос /нэрээ нууцлав/ хэлэхдээ “Түрээсийн үнэ боломжийн л санагддаг. Доторх орчин нь цэвэрхэн. Нэг өрөө байрнаас хямд. Сардаа 220 мянган төгрөг төлдөг. Төлбөрөө сар сард нь төлнө. Бөөнд нь төлбөл хэцүү шүү дээ. Тийм боломж байхгүй. Одоогоор орон сууцтай болох боломж алга байна” гэлээ.

Түрээслэгчдийн хувьд ихэнх нь түрээсийн байрны үнэ  жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Гэхдээ орон сууцнаас дутахааргүй хямд үнэтэй цэвэрхэн нийтийн байр сонирхох болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж