Өмнөд Солонгосын Жиндо арлын ойролцоо “Севол” гатлага онгоц осолдож, 300 гаруй хүн амь үрэгдсэн эмгэнэлт ослын нэг жилийн ой өнөөдөр /IV.16/ тохиож байна. Хохирогчдын 250 нь ахлах сургуулийн 17-18 насны хүүхдүүд байсан юм. Энэ өдөр Жиндо арал дээр хохирогчдын ар гэрийнхэн цуглан уй гашуу, харуусал, уур бухимдлаа тайлж байна. Түүнчлэн Өмнөд Солонгосын түүхэн дэх хөнөөлт далайн осолд хохирогчдын дурсгалыг хүндэтгэхээр ерөнхийлөгч Пак Кын Хе, ерөнхий сайд Ли Ван Ку нар албаныхны хамт хүрэлцэн иржээ. Амь үрэгдсэн олон зуун сурагчдын төрөлх хот Ансанд төрийн далбааг хагас бөхийлгэж, нэг минут дуугаа хураан хүндэтгэл үзүүлсэн байна. Харин нийслэл Сөүл хотноо өнөө орой лаатай хүндэтгэлийн жагсаал болох аж.
Одоогоос 10 хоногийн өмнө амь үрэгдсэн сурагчдын ар гэр, ойр дотныхон үсээ хусч, хүүхдүүдийнхээ зургийг барин Сөүл хотыг хөндлөн гулд 46 км жагсан алхасан юм. Хохирогчдын ар гэрийнхэн “Севол” гатлага онгоцны ослын мөрдөн шалгах ажиллагааг засгийн газраас хараат бусаар явуулахыг шаарджээ. Хараат бус мөрдлөгө явуулахыг хүсч буй шалтгаан нь хариуцлагагүй төрийн албан хаагчид, авлигач улстөрчдийг илрүүлж, шийтгэхийн зорилготой аж.
Өмнөд Солонгосын ард иргэд аюулгүй байдлыг сахин мөрдөхөд хяналт тавих ёстой төрийн албан хаагчид, далайн тээврийн компанийн авлигад идэгдэж, хууль бус үйлдэлд зөвшөөрөл олгосон улстөрчдийг осолд ихээр буруутгаж буй. Хэдийгээр Засгийн газраас ослыг мөрдөн шалгах хороог байгуулсан боловч гол албан тушаалуудад төрийн албан хаагчдыг томилсон нь ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буй юм.
“Севол” гатлага онгоц өнгөрсөн 2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд Жиндо арлын ойролцоо живснээс 304 хүн амь үрэгдсэн юм. Осолтой холбоотойгоор хөлгийн багийн 15 хүнээс гадна 50 гаруй хүн шүүхийн хаалга татаад буй юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associated Press