Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг бууруулах зорилгоор "Нэг хором" аяныг энэ гуравдугаар сард эхлүүллээ. Өнгөрөгч оны статистик мэдээллээс харахад, энэ төрлийн гэмт хэргийн гаралт нийслэлд 61 хувь, орон нутаг 31 хувь үйлдэгджээ. Энэ асуудлаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяртай ярилцлаа.
-“Нэг хором” аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн нийслэл хотод үйлдэгдэж байна уу?
Цагдаагийн байгууллагад өнгөрөгч 2018 онд 36 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн. Эдгээр гэмт хэргийн 9134 буюу 25.2 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлсэн. Бусдыг зодох, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, танхайрах үйлдлүүд дээрх гэмт хэрэгт багтдаг. Энэ төрлийн гэмт хэрэг гуравдугаар сард өссөн үзүүлэлттэй байдаг болохоор бид гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг хором” аяныг энэ гуравдугаар сарын 4-ний өдрөөс 31-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын хэмжээнд зохион байгуулна. Энэ хугацаанд иргэдийн хууль эрх зүйн мэдээллийг дээшлүүлэх чиглэлээр олон арга хэмжээ явуулж, хор уршгийг залууст таниулах юм. Бид нэг хором уураа барьж, өөрийгөө хязгаарлаж чадсанаар хүний эрүүл мэнд хохироох, цаашилбал хорих ангид ял эдлэх зэрэг сөрөг үйлдлээс хязгаарлагдах боломжтой гэж үзэж байгаа. Нэг хором гэдэг бол богино хугацаа. Энэ хугацаанд л хүн уур омгоо тэвчих ёстой.
Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулбал хамгийн багадаа 450 мянгаас хоёр сая долоон зуун мянган төгрөг хүртэл торгох ялаар шийтгүүлдэг. Хэрвээ хүнд гэмтэл учруулбал хоёр жилээс 12 жил хүртэл хорих ялтай байдаг.
-Энэ төрлийн гэмт хэрэг жил бүр өсөх хандлагатай байдаг уу?
-Сүүлийн таван жилийн судалгаагаар нийт гэмт хэргийн 25-30 хувийг эзэлж байгаа. Ерөнхийдөө буурдаггүй.
-Дээрх гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн тухайд мэдээлэл өгөхгүй юу?
-Залуучууд үл ялих зүйлээс болж маргалддаг. Энэ маргааныг хүчээр шийдвэрлэдэг нь хамгийн харамсалтай. Гудамжинд зөрж өнгөрөхдөө хоорондоо маргаад нэгийгээ цохисноос болж эрүүл мэндээрээ хохироод үлдсэн жишээ олон байна. Баар цэнгээний газруудад архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас ширээн дээр байсан ундааны шилээр хамт байсан хүнийхээ толгой руу цохиж хүн гэмтээсэн тохиолдол цагдаагийн байгууллагад нэлээд бүртгэгддэг.
Тэр байтугай гэр бүлийн хос хоолны давс сул байна гэсэн шалтгаанаар нэгэндээ уурлахдаа зурагтынхаа удирдлагыг авч шидсэнээс болж эхнэрийх нь нүд сохорсон хэрэг гарсан. Хэдхэн хоногийн өмнө Багахангай дүүрэгт байрлах аж ахуй нэгжийн харуулын байранд 50 настай Г, 24 настай эрэгтэй П нар ээлж солилцох үедээ цэвэрлэгээ хийсэнгүй гэсэн шалтгаанаар хоорондоо зодолдож, нэгнийхээ гарыг хугалсан байгаа юм.
Энэ мэтчилэн маш олон жишээ байгаа. Үүнд иргэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хотын соёл хүн бүрт байх ёстой. Нэгнийгээ хүндэтгэж асуудлыг нударгаар шийдэхгүй байх хэрэгтэй.
-Холбогдож буй хүмүүсийн насны хувьд?
-Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийн 60 орчим хувийг 25-40 насны залуус эзэлдэг. Залуус сурч боловсрох, хөдөлмөрлөх насандаа дээрх гэмт хэрэгт холбогдож байна. Хуучнаар хөнгөн гэмтэл учруулсан бол яллагдагч хохирогч хоёр эвлэрвэл хэргийг хэрэгсэхгүй болгодог байсан. Тэгтэл 2017 оны долдугаар сарын нэгнээс бүх гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгддэг болсон.
-Тэгэхээр жилд дунджаар энэ төрлийн гэмт хэргээс болж хэчнээн хүн ял шийтгэл авдаг юм бол?
-Цагдаагийн байгууллагаас 2018 онд 9134 гэмт хэргийг зөвхөн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр шалгасан байгаа юм. Эдгээрээс хамгийн багадаа 7000 гаруй хүн шүүхээр орсон гэсэн үг. Хуулийн хоригийн хувьд хөнгөн гэмтэл 80 гаруй хувийг эзэлж байгаа болохоор 450 мянган төгрөгөөс хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгуулна. Нэгдүгээрт, шүүхээс торгох ял, хоёрдугаарт эмчилгээний зардлыг төлүүлнэ. Уур уцаараас үүдэлтэй нэг цохилт хамгийн багадаа нэг сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Тэгэхээр дээрх гэмт хэргийн гол шалтгаан ердөөсөө л үл ойлголцлоос үүдэлтэй. Залуучуудад нэг нэгнийхээ үгийг сонсдог хүлээцтэй чанар дутагдаж байна. Наад зах нь хотын соёлоо бодолцох хэрэгтэй.
-Иргэдэд юуг анхааруулж хэлэх вэ?
-Бид эхлээд уураа барьж, тэвчих ёстой. Хоёрдугаарт, хууль эрх зүйн мэдлэг чухал. Асуудлыг нударгаар шийдэхгүй өөрийнхөө үйлдлийг хязгаарладаг байгаасай. Хоёрдугаарт, согтууруулах ундааг тохируулж хэрэглэх хэрэгтэй. Эцсийн эцэст уур уцаараас, хэсэгхэн зуурын ухаан мухардлаас үүсч, дэвэрч эдгээр асуудлууд гардаг. Уурлаж, биеэ хянах чадваргүй болохын эхлэлээс ийм олон алдаа, хэрэг, зөрчил гарч тэр тоолонд хэн нэгний амьдрал орвонгоороо эргэж байна. Бид ийм бодит жишээ маш олныг хардаг боллоо. Хүн бүр энэ асуудал дээр ганц минут ч болов бодлоо төвлөрүүлээд, бодоод үзээрэй.
-Дээрх аяны хүрээнд залууст чиглэсэн ямар арга хэмжээ зохиохоор төлөвлөж байгаа юм бол?
-Цагдаагийн байгууллаас дээрх аяны хүрээнд нийгэмд байгаа уур бухимдал стрессээ барьж сурах, хүнтэй эвтэй, харилцаа хандлагаа өөрчлөх, цаашилбал дээрх гэмт хэргийн хор уршгийг залуучуудад таниулах ажил зохион байгуулна. Ингэхдээ хүний эрүүл мэнд, эрхэнд халдсанаар ямар хуулийн хариуцлага хүлээх талаарх эрх зүйн мэдээллийг олон нийтийн хэрэгслээр түгээнэ. Мөн гуравдугаар сарын 5-ны өдөр их дээд сургуулийн гурван мянган эрэгтэй оюутанд харилцаа хандлага, эрүүл мэндийн талаар лекц уншиж сургалт зохион байгуулах юм.
-Ярилцсанд баярлалаа.
Э.АРИУН
Холбоотой мэдээ