Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас УИХ-ын 2018 оны намрын чуулганы есөн удаагийн хуралдаан тасалдсан тул УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг дэмжиж буй гишүүд олон бий.
Мөн намрын чуулганаар хэлэлцэж амжаагүй чухал хуулийн төслүүдийг хэлэлцэх зэрэг хийх ажил олон байхад урт хугацаанд амралтын байдалд байж болохгүйг сануулж, ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлагатай гэдгийг хэлж байгаа юм.
УИХ-ын ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 10-ны үеэр зарлан хуралдуулж магадгүй гэсэн хүлээлт байна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан уг асуудлаар Цагаан сарын дараахан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дээр ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар тохирсон. Гуравдугаар сарын 10-ны үеэр ээлжит бус чуулган зарлана. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд шахуу байгаа учраас ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар болсон. Нэр заагаад өгсөн хуулиудаас гадна Сонгуулийн гурван хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулиуд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлуудыг хаврын чуулганаар хэлэлцэхээр баталсан. Үүнтэй холбоотой бэлтгэл ажил их байна” гэдгийг тэрбээр хэлсэн.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай албан бичгийг өнгөрсөн хоёрдугаар сарын 20-нд хүргүүлсэн.
ТУС АЛБАН БИЧИГТ:
Улсын Их Хурлын өмнөх дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацаж, 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоомжийн төслийн дийлэнхийг нь хэлэлцэлгүй орхин, шийдэл хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн амин чухал олон асуудлууд хойшлогдох нөхцөл үүссэнтэй холбогдуулан миний бие 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Е/03 тоот албан бичгээр Улсын Их Хурлын даргад албан ёсоор хандаж, чуулганы хугацааг сунган хуралдуулах санал, шаардлагыг хүргүүлсэн боловч намрын ээлжит чуулганыг хуулийн хугацаанд нь завсарлуулаад байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдийн санал болгон шаардаж буй асуудлаар ээлжит бус чуулганыг 2019 оны гуравдугаар сарын 01-ний өдрийн дотор зарлан хуралдуулах саналыг үүгээр хүргүүлж байна” гэж мэдэгдсэн.
Ерөнхийлөгчийн дээрх саналд одоогоор хариу өгөөгүй байгаа бөгөөд ээлжит бус чуулган зарлах эсэх асуудал энэ долоо хоногт тодорхой болно гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. УИХ-ын дарга зарласнаар ээлжит бус чуулган хуралдах боломжтой. Ээлжит бус чуулган хуралдсан тохиолдолд хүлээгдэж буй олон хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.