Машины салхины шил болон толь харах хэсэгт тень наах хориотой

Хуучирсан мэдээ: 2019.03.05-нд нийтлэгдсэн

Машины салхины шил болон толь харах хэсэгт тень наах хориотой

Ихэнх жолооч автомашиныхаа цонхонд хамгаалалтын хальс буюу бидний хэлж заншсанаар тень наалгасан байдаг. Хэдийгээр цонхоо теньдэх нь салонд тусах нарны хурц гэрлийг бууруулдаг ч үүнээс үүдэн жолоочийн үзэгдэх орчныг хязгаарлах сөрөг талтай. Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд зааснаар “Урд салхины шил болон урд хаалганы шилний толь харах хэсэгт тень наахыг хориглосон". Энэ талаар  Тээврийн цагдаагийн албаны техник, замын хяналтын хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, ахмад Э.Энхболдтой ярилцлаа.

Тээврийн цагдаагийн албаны техник, замын хяналтын хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, ахмад Э.Энхболд

-Машины урд салхины шил болон урд хаалганы шилний толь харах хэсэгт тень наахыг хориглосон байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Замын хөдөлгөөний хуучин дүрэмд тээврийн хэрэгслийн урд салхины хэсэгт тень наахыг хориглосон заалт байгаагүй. Шинээр батлагдсан замын хөдөлгөөний дүрмийн дөрөвдүгээр хавсралтад заасан техникийн зөрчлийн жагсаалтын 6.6 дах хэсэгт автомашины урд салхины шил болон урд хаалганы толь харах хэсэгт өнгөт хальс /тень/ наахыг хориглосон.

Тэгэхээр машины урд салхины шил болон урд хаалганы шилний толь харах хэсгээс бусад хэсэгт зөвшөөрөгдсөн хэмжээнд тень нааж болох нь ээ?

Машины урд салхины шилэнд огт тень нааж болохгүй. Хоёр хажуу талын хаалга болон ард талын шилэнд тенийг тодорхой хэмжээний хязгаартайгаар нааж болно. Тухайлбал жолоочийн хажуу талын урд хаалганы шил гаднах гэрлийг 70 хувь нэвтрүүлдэг тень байх ёстой. Тэгэхээр гаднаас орж ирж байгаа гэрлийн 30 хувийг халхлах ёстой гэсэн үг. Харин жолоочийн хойд талын хаалга болон ард талын хэсэгт гаднаас орж байгаа гэрлийн 40 орчим хувийг халхлаад 60 хувийг оруулж байх ёстой.

Гэтэл жолооч нар гаднаас орж ирж байгаа гэрлийг 90-100 хувь халхлах дэндүү тас хар тенийг машиндаа наадаг. Энэ нь харанхуй шөнө осол аваар гарах нэг шалтгаан болж байна.

Гэрэл нэвтрүүлэх чадварыг шалгадаг багажаар Тээврийн цагдаагийн алба хаагчдыг хангах хүсэлтийг Зам тээврийн хөгжлийн яам болон Хууль зүйн яаманд хүргүүлсэн байгаа.

САЛХИНЫ ШИЛЭНД ТЕНЬ НААЛГАСАН ЖОЛООЧ НАРЫН ИХЭНХ НЬ 20-25 НАСНЫХАН БАЙДАГ

-Нарны харшилтай хүмүүс машиндаа тень наах тохиолдлууд цөөнгүй бий. Үүнийг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Нарны харшилтай хүмүүс гар, бугуй хэсгээ халхалсан бээлий өмсөх байдлаар хөдөлгөөнд оролцох ёстой. Түүнээс биш машиндаа битүү тень нааж, хөдөлгөөнд оролцож болохгүй.

-Жолоочид мэдээлэл муутайгаас болоод машиндаа тень хийлгээд байна уу аль эсхүл машиныхаа тенийг хуулахаас төвөгшөөгөөд байгаа юм болов уу?

-Жолоочид эрх зүйн мэдлэг дутмагаас болоод салхины шилэн дээрээ тень наалгаж байна. Машины урд салхины шилэнд тень наана гэдэг нь харанхуйд хар нүдний шилтэй явж байгаа хүнээс ялгаагүй гэсэн  үг.

Урд замаа харж явах ёстой салхины шилэн дээр халхавчлаад тень наачихаар үзэгдэх орчин хязгаарлагддаг. Тэгэхээр урдах замаа харж чадахгүй жолооч холын гэрэлтэй явах нөхцөл үүсч байгаа юм. 

Иргэдийн зүгээс шөнийн цагаар тээврийн хэрэгслүүд холын гэрэл шилжүүлэхгүй байгаа талаар ихээхэн гомдол ирдэг. Иргэдийн гомдлыг дагуу шалгаад үзэхээр дийлэнх хувь нь автомашины урд хэсэгтээ тень наасан байдаг. Үүнээс гадна тень наадаг хувь хүмүүс болон албан байгууллагууд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа замын хөдөлгөөний дүрэм аюулгүй байдалтай холбоотой заалт шаардлагуудыг биелүүлж байж иргэдэд үйлчилгээ үзүүлэх шаардлагатай. Дүрмээ мэдэхгүй болохоор битүү  хар тень  наагаад өгчихдөг. Ер нь Замын хөдөлгөөний дүрэм нь жолоочийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилготой гэдгийг жолооч нар сайн ойлгох ёстой.

-Битүү хар тень наасан автомашины жолооч нар  гадна талаасаа бусдад харагдахгүй байдаг гэх хөнгөхөн бодлоор дүрэм зөрчих тохиолдол их  биз.

-Машиныхаа салхины шилэнд тень наалгасан жолооч нарын ихэнх нь 20-25 насныхан байдаг. Салхины шилэнд тень наасан автомашины жолооч нь “Гадна талаасаа бусдад харагдахгүй байдаг юм чинь цагдаа харахгүй, зөрчлийн камерт өртөхгүй” гэх бодлоор хөдөлгөөнд оролцдог.

Тухайлбал,  замын хөдөлгөөнд оролцож байх үедээ утсаар ярих, хамгаалах бүс хэрэглэхгүй байх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэргээр зөрчлөө нуун дарагдуулах зорилгоор мөн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, шинэ залуу жолооч нар автомашинаа гангалах гэсэн сэдлээр урд салхины шилэндээ төрөл бүрийн өнгөт хальс нааж зөрчил гаргах явдал түгээмэл байдаг.

Сүүлийн үеийн гарч байгаа хулгай болон дээрмийн гэмт хэргүүдийг шалгаад үзэхээр ихэнх нь битүү хар теньтэй машинд үйлдэгдсэн байгаа юм.

ЗУНААС ЭХЛЭЭД ЭНЭ ТӨРЛИЙН ЗӨРЧИЛД ХАРИУЦЛАГА ТООЦООД ЯВНА

-Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хориглосон хэсэгт тень наасан тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?

-Одоохондоо жолооч нарт анхааруулга сануулга өгч байна. Харин зунаас эхлээд энэ төрлийн зөрчилд хариуцлага тооцоод явна. Хариуцлагын тухайд Зөрчлийн тухай хуулийн 14.7.15 дахь хэсэгт зааснаар иргэнийг 20 мянган төгрөгөөр, аж ахуй нэгж байгууллагыг 200 мянган төгрөгөөр торгоно. Хууль дүрмийг хэрэгжүүлэх гэж гаргадаг учраас шинээр орсон заалтыг мөн дагаж мөрдөх хэрэгтэй.

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд машины урд салхины шил болон урд хаалганы шилний толь харах хэсэгт тень наахыг хориглосон болохоор үүнийг дагаад техникийн үзлэг оношилгоо явуулах заавар өөрчлөгдөх үү?

-Мэдээж тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүсч байгаа. Стандарт хэмжилзүйн техникийн хорооноос өөрчлөлт оруулах стандартад Тээврийн цагдаагийн албанаас машины теньтэй холбоотой заалтуудыг стандартад тусгуулах саналыг хүргүүлсэн. Явцын дунд үзлэг оношилгоонд орохдоо жолооч нар заавал машиныхаа тенийг арилгаж байж оношилгоонд оруулдаг болох шаардлагыг авто тээврийн үндэсний төвийн салбар оношилгооны төвүүд шаардаад эхэлнэ. Иргэд заавал торгуулахгүйгээр Тээврийн цагдаагийн албанаас өгч байгаа зөвлөмжийн дагуу машины теньтэй хэсгийг хуулаад зохих журмын дагуу хөдөлгөөнд оролцох шаардлагатай.

-Машиныхаа цонхонд тень наалгахын сул талыг дурдаад ярилцлагаа өндөрлөе.

-Тень нь төрөл зориулалтаас хамааран харилцан адилгүй шинж чанартай байдаг. Иймээс ямар төрлийн хальс наалгаснаас хамааран зарим тохиолдолд сөрөг үр дагаврыг бий болгож болзошгүй юм. Хэрэв жолооч автомашиндаа илүү бараан төрлийн эсвэл стандартаас хэтэрсэн хальс сонгон наалгасан бол зарим нөхцөл байдалд жолоочийн үзэгдэх орчинг хязгаарлах сөрөг талтай.

Энэ нь ялангуяа гэрэл гэрэлтүүлэг муутай нөхцөлд илүү хүндрэлтэй бөгөөд аюултай юм. Өөрөөр хэлбэл шөнийн цагт болон үзэгдэлт хангалтгүй үед явган зорчигч, мал амьтан, замын тэмдэг, тэмдэглэлийг бүрэн харахгүй байх эрсдэлтэй.

Мөн салхины шилэнд тень наасан жолооч шөнийн цагт ойрын гэрэлтэй явахад замын зорчих хэсгийг хангалттай хардаггүйгээс гэрлээ шилжүүлэхгүй байх, холын гэрэлтэй явах, стандартад зөвшөөрснөөс илүү гэрлийн хүчтэй гэрэл /ламп/ суурилуулах зэргээр хууль, дүрмийг зөрчдөг. Дээрх зөрчлийн улмаас өөдөөс яваа жолооч, зорчигчдыг гялбуулж, тэдэнд аюул учруулан зам тээврийн осол гаргах шалтгааныг бүрдүүлдэг.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж