Өнгөрсөн зунаас эхэлсэн МАН-ын улс төр намрын чуулган өндөрлөхийн өмнө “зорилгоо” биелүүлснээр өндөрлөв үү гэтэл үгүй бололтой. УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах ажиллагааг “удирдсан” УИХ-ын нэр бүхий таван гишүүн Төрийн ордонд суулт зарлаж, бүр Сүхбаатарын талбайд гэр барьж, хоёр ч удаа жагсаал зохион байгуулсан. Тэд МАНАН-гийн эсрэг тэмцэж, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулсан билээ. Тэгвэл эдгээр тэмцэгчийн дараагийн бай нь АТГ болон прокурор, шүүх зэрэг хуулийн байгууллагын дарга нарыг солих бололтой. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад болохгүй, бүтэхгүй бүхнийг М.Энхболд болон МАНАН гэх нэршилтэй холбож, шударга бусын хонгил гэх нэршил бий болгосон. Одоо тэд “Баялгийн эзэн-Монгол” бүлэг байгуулж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлыг барьж авчээ.
Засгийн газраас хоёр ч удаа нууцаас гаргасан Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тогтоолыг ил болгосон. Гэхдээ энэ удаагийн ил болгосон мэдээллүүд өмнө нь хэвлэлийн хуудаснаа хэдэнтээ гарч байсныг энд тодотгоё. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болсон Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд гэхэд өчигдөр Төрийн ордонд хэвлэл мэдээллийнхэнд Засгийн газрын тогтоолыг танилцуулж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан санхүүгийн схемийг танилцуулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “МАНАН бүлэглэл хууль хяналтын байгууллагыг авчихсан. МАНАН төрийн өмчит компаниудыг биш хууль хяналтын байгууллагыг хувьчлаад авчихсан. Тэднийг сольж байж "Эрдэнэт"-ийн 49 хувь эргэж ирнэ” гэж хэлсэн. Мөн тэрбээр Улсын ерөнхий прокурор зэрэг хуулийн байгууллагын одоогийн удирдлага байгаа цагт “Эрдэнэт”-ийн 49 хувь төрийн мэдэлд ирэхгүй гэдгийг ч онцлов.
Үнэндээ төрийн бус байгууллага болон иргэний нийгмийнхнийг цуглуулж, балиашиглуулсан өчигдрийн хэвлэлийн хурал хийсэн эрхэм тэмцэгчдийн цаад санааг жаахан анхаараад харвал хуулийн байгууллага тэр чигээрээ л худалдагдаж, хэн нэгэн эрх мэдэлтний талд шийдвэр гаргадаг гэх. Тиймээс нэн даруй тэднийг солих ажлаа хийнэ, хийгээсэй ч гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд “захиж” байгаа нь УИХ болон Засгийн газраас томилдог зарим нэг хуулийн байгууллагын удирдлагыг солих гэж байна гэсэн хардлагыг дагуулна. Ингэхдээ бүр яаралтай буюу ээлжит бус чуулганаар томилох хэрэгтэй гэх саналыг ч УИХ-ын гишүүн Ж.Батзандан цухуйлгасан. Түүнээс гадна энэ олон тэрбум төгрөг авсан хүмүүсийн хажууд ЖДҮ-чид бол хөөрхий дөө, жижигхэн шүү гэдэг санааг ч УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлээд амжив. Энэ мэт хэд хэдэн зохион байгуулалттай, тавилттай “жүжгийн” дараа буюу ээлжит бус чуулгантай зэрэгцэн хэд хэдэн томоохон томилгоо хийгдэх нь. Угаасаа ч тэмцэгчдийн хийх гэж байгаа акц бүрийнх нь өмнө ямар нэг тавилттай үзэгдэл зохион байгуулдаг нь нууц биш болсон.
УИХ-ын гишүүн бол хууль санаачлах, хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөл. Гэхдээ энэ удаагийн парламентад хууль санаачлах эрхээ биш хуулийн байгууллагын шүүх эрхийг хэрэгжүүлэхээр “эндүүрч” орж ирсэн тэмцэгчид энэ таваар тогтохгүй олон болж. Гэхдээ тэр нь гүйцэтгэх засаглалынхаа ажлыг манлайлан гүйцэтгэж, хэн дуртайгаа шударга бусын хонгил руу “түлхэнэ” гэсэн үг биш. УИХ-ын гишүүн бол сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалж, хууль санаачлах эрхтэйг энд дахин сануулах нь илүүц биз ээ. Хэдийгээр УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хуулийн өмнө хариуцлага хүлээдэггүй ч ирэх сонгуулиар сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээж, дүнгээ тавиулна шүү, эрхэм тэмцэгчид ээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ