Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаа жил бүр болдог. Уламжлалын дагуу “Эх дэлхийн цаг-2019” үйл ажиллагаа гуравдугаар сарын 30-нд буюу бямба гаригт 20.30 цагт дэлхий даяар нэгэн зэрэг эхлэх гэж байна.
Уг үйл ажиллагааг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар тэргүүтэй Монголд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд хамтран Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм.
“Эх дэлхийн цаг-2019”-ийн үеэр 20.30-21.30 цаг хүртэл Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрэл унтарч, лаа гэрэлтэнэ. Мөн бүрээ, бөмбөр, язгуур урлагийн тоглолт болж, монголчууд эх дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдэх юм.
“Эх дэлхийн цаг”-аар нэг цагийн турш гэрэл унтрааж, цахилгаанаа хэмнээд зогсохгүй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо авран хамгаалахад хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломжтой гэдэгт олны анхаарлыг хандуулахад оршдог.
Тус үйл ажиллагаанд өнгөрсөн жилийн хувьд 188 орны 5251 хотын гурван тэрбум 600 сая хүн хамрагджээ. Тэдний нэг нь Монголчууд бөгөөд 2010 онд Улаанбаатар хот анх удаа уг үйл ажиллагаанд нэгдсэн юм. Харин энэ жил 10 дахь удаагаа албан ёсоор оролцох гэж байна. Энэ удаа зохион байгуулагчид хуванцрын хор холбогдлыг олон нийтэд сурталчлах, хуванцраас татгалзахад үйл ажиллагааг чиглүүлж байгаа аж.
Та уг арга хэмжээнд ирж амжихгүй байсан ч гэрийнхээ гэрлийг нэг цаг унтрааж “Эх Дэлхийн Цаг”-т нэгдэж болох юм.
“Эх дэлхийн цаг”-аар лаа асаадаг нь үйл ажиллагааны томоохон илэрхийлэл. Энэ нь гэрлээ унтраасан үеийн орчны гэрэлтүүлэг болохоос гадна асаасан лаа нь итгэл найдвар, эерэг бүхнийг урин дуудах бэлгэдэлтэй.
Харин “60+” хэмээх бэлгэдэл нь зөвхөн нэг цаг гэрлээ унтраах төдий бус, өдөр тутмын амьдралдаа эх дэлхийгээ хайрлан гамнасан алхам болно гэсэн хүмүүсийн эв нэгдлийг илэрхийлдэг билээ.
Холбоотой мэдээ