Шүүгч нарын цалин хамгийн багадаа 3 сая төгрөг болсон нь төрийн алба хашиж байгаа олон хүний атаархлыг төрүүлдэг. Түүнээс улбаалж, шөнөжин үхэлтэй тэмцсэн эмч сарын 600-700 мянган төгрөгийн цалин авах, эхнэрээ тэврээд унтсан шүүгч 3-5 хүртэл сая төгрөгийн цалин авах нь шударга уу гэх мэтгэлцээн цахим ертөнцөд өрнөж байсан удаатай. Тэгвэл УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Улсын Дээд Шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн тухай хэлэлцэх үед Д.Тэрбишдагва гишүүн энэ асуудлыг хөндлөө. Тэрээр “УИХ-ын гишүүдийн сарын цалин 1.5 сая төгрөг. Гэтэл шүүгчийн дундаж цалин 5.5 сая төгрөг байна. Тэд тэтгэвэрт гарахдаа 36 сарын тэтгэмж авахад 198 сая төгрөг болно. Найман сая төгрөгийн цалинтай шүүгч 288 сая төгрөгийн тэтгэмж авна. Энэ тоог бусад төрийн албан хаагчийн авдаг тэтгэмжтэй харьцуулъя, энэ шударга уу” хэмээн бухимдлаа илэрхийлээд амжсан юм.
Шүүгч нарын цалинтай холбоотой асуудлыг өмнө нь УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хөндөж “УДШ-ийн гурван шүүгч тэтгэвэртээ гарахад тус бүр тэтгэмж нь 250 сая төгрөг болно. Шударга ёс тогтсон уу” хэмээн хэлж байсан удаатай.
Г.ХОРОЛ