Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх асан М.Хүдэрбаатартай ярилцлаа.
-Шинэчлэлийн Засгийн газрын үед та Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Танай засгийг сайн ажилласан гэх нэгэн байхад бас муу ажилласан гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Нөгөө талаар Н.Алтанхуяг муу ажилласан гэх шүүмжлэл болгоны ард зөвлөхүүд муутай байсан гэх яриа гардаг шүү дээ. Тэд юу зөвлөдөг юм гэдэг ч юмуу юу зөвлөөд байна вэ гэж хэлэх хүмүүс бий?
-Сайн муу хэлүүлдэггүй хүн гэж байхгүй, салхи ордоггүй жалга гэж байхгүй. Хэн нэгний шүүмжлэлээс айх байсан юм бол ажил хийх хэрэггүй гэсэн үг бий. Чичлүүлэх гэж зөвлөх болсон. Ямар намайг дургүй байхад хүчээр сахил хүртээсэн биш. Тэр чичлэлтийг нь хийж байгаа ажлаараа л давж гарна. Түүнд эмзэглээд байх асуудал байхгүй. Сайныг нь ч сонсъё, саарыг ч сонсъё, тэгж байж алдаа оноогоо дэнсэлнэ шүү дээ.
-Алдаа, оноо дэнслүүлнэ гэж та хэллээ. Шинэчлэлийн Засгийн газартай байнга хамт яригддаг нэг сэдэв байна. Тэр бол “Чингис” бонд. Монголыг өрөнд оруулсан, эсвэл энэ их өрийг ирээдүй маань төлөх нь гэж халаглах улстөрчид байдаг шүү дээ?
-Бондын талаар шулуухан хариулт хэлье. Намайг Японоос дөнгөж ирчихээд байх үед буюу 2008 онд Монголын хөгжлийн бодлого гадарладаг хэн бүхэн л бонд гаргаж үзэх сэн гэж мөрөөддөг байсан биз дээ. Ер нь яагаад Азийн эдийн засаг бондын араас ингэж үхэлдээд байгаа юм бэ гэдэгт хариулт өгөх ёстой байх.
2008 оны хямралын дараа АНУ-д эдийн засгийн хямрал асар хүнд туссан. Хямралд нэрвэгдэж туйлдсан аж ахуйн нэгжүүддээ АНУ-ын Төвбанк асар их хэмжээний доллар хэвлүүлж, нийлүүлээд аварсан. Тэнд мөнгөний хуримтлал үүсчихэж байгаа юм. Хоёрт нь, Европ суурь мөнгөний хямралд өртсөн байгаа гэдгийг ганцхан би биш, орой болгон “Bloomberg” телевиз харуулж байдаг. Би Японыг сайн мэдэж байна. Бараг сүүлийн 20 жил эдийн засаг нь урагшлахаа байчихсан. Хэт халсан гэж ярьдаг. Энэ хөгжилтэй оронд хэвлэгдсэн, их бөөгнөрсөн мөнгө чинь нэг тийшээ цутгах хэрэгтэй биз дээ. Тэгээд энэ мөнгөө эргэлтэд оруулахын тулд зээлжих зэрэглэл сайтай, ирээдүйтэй, ардчилсан системтэй, хамгийн гол нь тогтвортой бодлоготой улс орон руу мөнгөн урсгалаа явуулдаг. Тэр их мөнгөн урсгалаас хамгийн бага хүүтэй мөнгө авъя гэдэг чинь дэлхий нийтийн хүсэл эрмэлзэл байхгүй юу. Хятад ч, Солонгос ч, Мьянмар ч, Монгол ч тэр бүгдээрээ “Тэр мөнгөнөөс авах юмсан. Бид нар сайн. Манайх уул уурхайн баялагтай. Үүгээр барьцаа болгож чадна” гэж гуйдаг. Харин тэр үед “Чингис” бондын 1.5 тэрбумыг авсны хүчинд Монголын эдийн засаг дампуурчихсангүй гэж би боддог. Тэгэхээр бонд босгоно гэдэг асар хэрэгтэй зүйл. Дахиж хэзээ ч ирэхгүй уул уурхайн үнэгүй мөнгөнийхөө араас гансрахгүй, нэмж зээл аваад амин чухал ямар зүйл рүүгээ хөрөнгө оруулалт хийхээ л одоо бодох ёстой.
-Бонд бол өр гэдэг. Зарим хүмүүс зээл гэж зөөллөдөг. Аль нь ч байсан ер нь энэ зээлийг авснаар нийгэмд ямар эерэг дүн гарсан юм бэ?
-Бонд бол зээл. Нийтдээ 1.5 тэрбум долларыг Чингис бондоос босгосон. Энэ зээлийг монголчууд өлхөн төлчихнө. Өөрөөр хэлбэл, энэ зэргийн бондыг авснаараа манайх сөхөрч унаад байх юм биш. 2009-2011 онд уул уурхайн салбараас орж ирсэн их мөнгийг бид юунд зарцуулж байсан юм бэ. Жилд бид 300-хан сая доллараар барилгын материал авдаг мөртлөө 750 сая доллараар машин худалдаж авч байсан байна. Түүнийгээ тэжээх гэж 500 орчим сая доллараар шатахуун авч байсан байна. Бараг нэг их наядыг зүгээр тараасан. Гэтэл бонд гэдэг чинь Монгол Улс анх удаа бусад шиг зээл тавиад, түүгээрээ эдийн засагтаа хөрөнгө оруулалт хийсэн мөнгө. Хуваагаад идчихсэнгүй. Зам тээвэр, үндэсний үйлдвэрлэлээ дэмжлээ. Тэгээд өрөнд орчихлоо гэж яриад байдаг. Зээл авахгүйгээр урагшаа дэвшдэг ямар ч улсыг би мэдэхгүй юм даа
-Бондын зарцуулалтын талаар асуумаар байна. Бондын мөнгийг юунд голчлон зарцуулав. Гол нь үр дүн харагдаж байна уу?
-Хамгийн эхлээд цохон дурьдах ёстой зүйл бол бид үйлдвэржилтээ маш сайн хийсэн. 888 гэж нэрлэдэг тэр төсөл дотор сайнтай, муутай төсөл байлгүй л яахав.
Барилгын орц материал нь ямар үнэтэй байлаа. Барилгын эд материалын 50-60 хувийг нь цемент, арматур эзэлдэг. Тийм учраас барилгын үнийг буулгая, хямдхан орон сууцаар зорилтот зах зээлээ хангая гэх юм бол цемент, арматурынхаа үнийг хазаарлах хэрэгтэй. Ингэхийн тулд өнөөх бондын мөнгөнөөс чинь “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”, “Монполимет”, “МАК” мөнгө хуваарилсан. Дараа жилээс дотоодын цементийн хэрэглээг зуун хувь үндэсний үйлдвэрлэлээс хангана. Дараа нь гангийн үйлдвэр. “Бэрмэн” гэж гангийн үйлдвэр Монголд 800 жилийн дараа ган хайлуулж эхэллээ. Энэ мэтчилэнгээр үйлдвэржилтийн талаар асар их зүйл ярьж болно. “Чингис” бондын мөнгөнөөс бараг 200 гаруй компани мөнгө авсан.
Дараа нь бүтээн байгуулалт. 21 аймгийг хатуу хучилттай замаар нийслэлтэй холбох асар том төсөл хэрэгжлээ. Одоо зургаахан аймаг дутуу байна. Хэзээ Монгол Улс ийм амжилтад хүрч байсан юм бэ. Бас “Гудамж” төсөл байна. Иргэдэд очсон найман хувийн зээл гээд дурдаад байвал үр ашиг нь их.
-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хүмүүс шүүмжилдэг. Бизнесийн салбартаа олгохгүй, яагаад үнэ тогтворжуулах хөтөлбөрт оруулсан юм бэ?
-Наадах чинь амьдралын хатуу хөтүүг амсаж үзээгүй нялцгаруудын шүүмжлэл. Бод л доо, инфляци гэдэг зүйл чинь үнээрээ хүмүүсийг “боомилж алдаг”. 500 мянган төгрөгийн цалинтай хүн бүх мөнгөөрөө хүнсний зүйл авдал байлаа. . Харин таван сая төгрөгийн цалинтай хүн саяар нь хүнс аваад дөрвөн саяыг хадгална. Үнэ нэмэгдвэл 500 мянган төгрөгийн цалинтай хүний орлого хүнсээ авч чадахгүй хэцүүднэ. Таван саяын цалинтай нөхөр яахав дээ, сая таван зуугаар хүнсээ аваад гурван сая 500 мянгаа хадгалаад л байна. Гол нэрийн хүнс, бензиний үнийг шаардлагатай бол тогтворжуулж байх л ёстой.
-Тэгвэл үйлдвэржилтийн салбарыг дэмжиж өгснөөр гадагшаа урсах хэдий хэмжээний хөрөнгийг өнгөрсөн жил Монголдоо үлдээж чадсан юм бэ?
-Олон хүн ингэж асуудаг юм. Ганцхан жилд үйлдвэрийн үр өгөөжийг үзэж чаддаггүй юм. Ганцхан жил үр ашиг нь гарч ирдэг бүтээн байгуулалт, том бизнес гэж байдаггүй. Харин гутлын худалдагч бол өөр байх л даа. Нэг өдөр олон гутал зараад цөм ашиг хийдэг. Үйлдвэрлэлийн бизнес бол өөр. Өнөөдөр мөнгөө аваад маргааш ашиг олдог салбар биш. Нэмүү өртөг шингээсэн асар хүнд салбар. Энэ салбараа бодлгоор дэмжээд, босоод ирэхийг тэвчээртэй хүлээх ёстой.
-Сөрөг хүчин энэ бүхнийг үгүйсгэдэг шүү дээ. Тэднийг төрийн эрхийг барьж байх үед эдийн засаг тогтвортой сайн байсан гэж ярьцгаадаг?
-Тэдэнд уучлаарай гэж хэлье. МАН байхад Монголын эдийн засаг сайжирсан юм биш. Тэд нар 17 хувиар өсгөсөн гэдэг худлаа. Тэр 17 хувийн мөнгө чинь цаасан дээр бичигдчихээд Монголоор дамжихгүй гараад явчихсан юм. Тэр мөнгийг чинь Монголд байлгах гэж Шинэчлэлийн Засгийн газрын үед ямар хэрүүл болж байлаа даа.
Дэлхийн зах зээлд боломжууд гарч, манай уул уурхайн бүтээгдэхүүн үнэтэй байснаас л эдийн засагт мөнгөтэй байсан. Түүнээс МАН өөдтэйдээ эдийн засгийн өсөлтийг бий болгоогүй юм.
Харин ч МАН-ын үед байсан тэр их мөнгөний урсгал хаачсан юм бэ гэж асуумаар байгаа юм. Баялгийн тэгш бус хаваарилалт гэдэг зүйл гаарчихсан. Эдийн засгаа өсгөсөн гэж яриад байдаг. Өсгөсөн эдийн засаг чинь тэгвэл айл болгоны амьдрал руу хүрч чадсан юм уу. Нийт баялгийн 95 хувь нь нийт хүн амын 13-хан хувьд байна. Дэлхийн банкны судалгаа байна лээ. Монголчуудын 20 гаруй хувь нь нэн ядуу, дахиад 20 хувь нь ядуу гэж гарсан. Тэр хүмүүс рүү яагаад эдийн засгийн өсөлт очоогүй юм бэ. Яагаад нэг хэсэг нь улам баяжаад нөгөө хэсэг нь улам ядуурсан юм бэ. Тэгж ярих юм бол энэ их баялгийн хараал шиг юм чинь МАН-ын үед л үндэс нь тавигдсан юм.
–АН,МАН нийлж засаг байгууллаа. Зарим хүмүүс МАНАН-гийн засаг байгуулагдлаа гэж шүүмжлэлтэй ханддаг. Ер нь эдийн засгийн хувьд энэ хоёр нам хамтарч засаг байгуулах зайлшгүй шаардлага байсан уу?
– Манан будан чинь ууршаад, сарниад алга болчихдог “эд” шүү дээ. Зэрэглээ шиг. Зэрэглээг зүүд шиг гэдэг. Тэгэхээр МАНАН бол зэрэглээ шиг хуурамч, зүүд шиг хоосон юм. Удахгүй сарних нь тодорхой.
Ер нь хөгжил гэж юу юм бэ. Өрсөлдөөн шүү дээ. Тэгэхээр энэ хоёр нам чинь ээлжилж засаг аваад хоорондоо өрсөлдөж байж, эрүүлжинэ. Тэгж байж л хөгжинө. Өнөөдөр ялсан нам маргааш нь ялагдаж цэвэршиг л дээ. Үгүй бол мөнхийн хамтарсан хаанчлал тогтоно Ялагдана л биз юунаас нь айсан юм бэ. Эргээд ялах гэх зүтгэл чинь улам л хүчирхэгжүүлнэ.
–Та Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан. Ингэхэд М.Хүдэрбаатар гэдэг залуу яаж яваад экс Ерөнхий сайдын зөвлөх болчихов оо?
-Энд нэг зүйл гарцаагүй үнэн юм. Нэгдүгээрт, Хүдэрбаатар гэдэг 70-аад оны залуу яагаад зөвлөх болчихдог юм. Тэр тэгээд юу мэддэг юм, юу чаддаг юм гэдэг. Энэ бол хүмүүсийн асуух ёстой асуулт байх л даа. Би Ерөнхий сайдын зөвлөх болъё гэж өмнө нь бодож байсангүй. Анх Хэнтий аймгийн ард түмнийг төлөөлөх бодолтойгоор тус аймгаас УИХ-д нэр дэвшсэн. Нутгийн олны итгэлээр боломжийн санал ч авсан. Өрсөлдөгчийн авсан саналаас их багаар дутсаныг нутгийнхан маань мэдэж байгаа. Ингэж л улстөрд хөл тавьсан. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг зөвлөхүүдээрээ залуучуудыг сонгосон. Би тэдний л нэг. Үүнээс өмнө Зөвлөх гэдэг чинь хатуухан хэлбэл тэтгэвэрт гаргадаг, үдэлтийн албан тушаал байсан шүү дээ.
Н.Алтанхуяг дарга Ерөнхий сайд болоод “Ерөнхий сайдын зөвлөхүүдээр залуу хүмүүс авъя. Эрч хүчтэй ажиллая” гэсэн байх. Энэ бол залуусаа бэлдэж, мөн итгэл үзүүлж байгаагийн хэлбэр. Хар л даа, өнөөдөр МАН-ынхан залуу үеийнхэндээ халаагаа өгөхгүй, сандал ширээтэйгээ зууралдаад, залуус нь Шинэчлэлийн хороо гэгчийг байгуулсан. Намаа шинэчлэх гэдэг чинь залуусаа дэмж, өөд нь гаргах боломж өг л гэсэн үг шүү дээ. Ер нь тэгээд ирж яваа цагийн дууг буцаж байгаа цагийнхан сонсдоггүй нь жам.
Шинэчлэлийн Засгийн газар эрч хүчтэй ажилласан. Амрах завгүй хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн гэдгийг би хариуцлагатай хэлмээр байна.
-Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллах хугацаандаа ямар асуудалд илүү анхаарав. Зөвлөх болсныхоо дараа бус болохоосоо өмнө зорилго тавьсан байх?
-Ганцхан М.Хүдэрбаатар зөвлөөд явчихдаг ажил гэж байхгүй. Засгийн газар дөрвөн жилийн төлөвлөгөөгөө гаргачихдаг. Түүний дагуу жил жилийн хийх ажлууд батлагдана. Энэ төлөвлөгөөт ажил дотроос Ерөнхий сайдын тэргүүлэх чиглэлийн ажлууд гэж гардаг. Тэр нь хөгжлийнхөө бодлого, төсвийн бодлоготойгоо уялдах ёстой. Эдгээр асуудлыг хариуцсан эдийн засаг, гадаад харилцаа, улс төр, үйлдвэрлэл, хэвлэл мэдээллийн гээд зөвлөхүүд байгаа.
Миний хувьд Олон нийт, нийгмийн бодлогын зөвлөх байсан. Энэ хүрээнд анхнаасаа нийт нийгмээр шийдвэл цохилтой хоёр ажлыг Алтанхуяг даргатай санаа нийлж хийе гэж байсан. Нэг нь монгол хүний эрүүл мэнд тэр дундаа чийрэгжилтийн асуудал, нөгөөх нь үндэсний соёлын асуудал. Энэ хоёр хоорондоо салшгүй холбоотой.
-Чийрэгжилтийн асуудал гэж чухам юу юм бэ. Та яагаад чухам энэ асуудлыг сонирхох болсон хэрэг вэ?
-Би чинь морин дэл дээр өссөн хүүхэд. Мөн тамирчин ч байлаа. Тэгээд нэг зүйлийг харахаар үнэндээ бага зэрэг дургүй хүрээд байдаг байлаа. Гудамжаар явахаар нэг бол хөөлгөчихсөн юм шиг тарган, нэг бол хоёр талаас нь банзаар цохьчихсон юм шиг жигтэйхэн туранхай, нүдний шилтэй, эр хүн гэхэд хэцүү, завсрын залуучууд бий болчихож. Нэг л солонгос маягийн залуус. Тийм залуусыг хараад “Бид хэн байснаасаа холдоод байдаг юм болов уу, нэг л их солонгос кинонд дарлуулчихсан ард түмэн болчихсон юм болов уу” гэж бодогдсон. Тэгээд л монгол хүний жинхэнэ ид хав юун дээр гардаг юм бэ, монгол хүний авхаалж самбаа, яс чанар ямар үед тодорч, бид ямар үед монгол хүний ааг омгийг харуулж чаддаг юм бэ, бас монгол ахуй соёлдоо ойр хүмүүс ямар эрүүл чийрэг, хүч чадалтай, овсгоо самбаатайг залуучууддаа харуулахыг зорьж “Адуучин” гэдэг тэмцээнийг анх удаа Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан.
Гэхдээ би бүгдээрээ малчин, адуучин бол гэж байгаа юм биш. Бид гадаадын улс орнуудын, дэлхийн өв соёлоос заавал суралцах ёстой, гэхдээ нөгөө талаас нь бид хэн юм бэ, хаанаас ирсэн юм бэ гэдгээ мартаж болохгүй.
Дараагийн нэг хийсэн ажил бол “Залуу малчдын зөвлөлгөөн” гэдэг зүйлийг санаачилсан. Энэ нь хоёр зорилготой. Нэгдүгээрт, манай Монголд тэнгэр газар шиг шал өөр нийгмийн анги бий болж байна. Үүний нэг нь хотын залуус, нөгөө нь малчин залуус. Тиймээс энэ хоёр талын залуусыг уулзуулах зорилготой.
Би хувьдаа Монголын мал аж ахуй яг энэ чигээрээ байгаасай гэж хүсэхгүй байна. Харин малчид маань үүнээсээ өөр болоосой, дэлхийн фермерүүд яаж хөгжиж байна, түүнээс суралцаасай, арга туршлагаа өөр хоорондоо солилцоосой гэж бодсон хэрэг. Тэр эхлэлийг хийж чадах хүмүүс нь малчин залуучууд гэж бодсон хэрэг.
Дараагийн томоохоон ажил бол Алтаргана наадам. Бид чинь Монгол энд ганцаарханаа биш. Урд Өвөрмонгол гэж байна, хойно Буриад монголчууд, Тува, Халимаг байна. Энэ ястнуудынхаа уламжлалт соёлыг бүх нийтээрээ тэмдэглэх ёстой гэж “Алтаргана” наадмыг зохион байгуулсан. Хэнтий аймгийн Дадал суманд 10 мянган Буриад зон ирж нэгдсэн. Мэдээж Ерөнхий сайдын зөвлөхийн үүднээс өдөр тутмын олон асуудал байна. Санаанд илүү тод байгаа нь энэ хэд юмуу.
-Та залуу хүний хувь залуучууддаа хандаж үг хэлээч?
-Би нэг их үг хэлээд байхаар настай хүн биш л дээ. Харин ч үг сонсох насан дээрээ л явна. Гэхдээ би дотроо бодож байдаг дөрвөн мөртөө хэлье. Манай Хэнтийн Дархан сумын харьяат Ренчиний Чойномын хэлсэн шүлгийн мөрт.
…Бүлээхэн амьд явсанаас халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдралаар
Боол ч биш хаан ч биш цаг өнгөрөөгөөд яах юм бэ?
Асдаг юм дүрэлзэж байгаа дуусаач
Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч… гэж.
Б.ДАМДИН