Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу дотоод сонгуулийг товлож, Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдийн эргэлт буюу ротаци хийхээ зарлажээ. Ингэхдээ бүртгэлийг гуравдугаар сарын 3-7-ны хооронд зарласан байна. Энэ удаад нэр дэвшсэн хүмүүсийн дунд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны даргаар ажиллаж байсан Ж.Цэсэн нарын нэр байна. Тэдний хувьд энэ удаад чөлөөт болон эмэгтэйчүүдийн квотод өрсөлдөхөөр нэр дэвшиж байгаа аж. Тодруулбал, З.Энхболд даргын хувьд Баянгол дүүргээс нэр дэвшиж байгаа бол Ж.Цэсэнгийн хувьд эмэгтэйчүүдийн квотод Чингэлтэй дүүргээс нэр дэвшиж байна. Ж.Цэсэнгийн хувьд ЖДҮХС-аас зээл авсан асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм.
Тус намын дүрэмд зөвхөн Үндэсний бодлогын хорооны гишүүн УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэсэн заалт үйлчилдэг учраас 2019 онд хийгдэх ротаци чухал үүрэгтэй юм.
Түүнээс гадна Эрчим хүчний сайд асан М.Сономпил мөн Дархан-Уул аймгаас ҮБХ-нд нэр дэвшиж байна. Тэрбээр, 2016 оны тавдугаар сард МҮАН-аас гарч, Ардчилсан намын гишүүн болсон юм. Мөн УИХ-ын гишүүн асан Р.Бурмаагийн хувьд Хан-Уул дүүргээс нэр дэвшиж байна.
Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу ҮБХ-ны гишүүний бүрэн эрх дөрвөн жил байх бөгөөд ҮБХ-ны гишүүний суудалд төрийн сонгуулийн өмнөх жилээс бусад жилд Дотоод сонгуулийн хорооноос тогтоосон хуваарийн дагуу эргэлт /ротаци/-ийн сонгууль явуулна гэж заасан байдаг. Үүний дагуу сонгуулийн өмнөх жил ротаци явуулж, ҮБХ-ны гишүүдээ шинэчилж байна. Харин энэхүү ротаци нь УИХ-ын гишүүн бүрэн эрхийн хугацаанд хамаардаггүй юм байна.
АН-ЫН ҮБХ-НЫ ГИШҮҮДЭД НЭР ДЭВШИГЧИДТЭЙ ТАНИЛЦ:
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ