Хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган, үүрэг чиглэл өгөх зорилготой Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа.
Тус аймгийн хувьд өвөл цаг агаар олон жилийн дунджаас хүйтэн байснаас эхний хоёр сарын байдлаар 25,384 толгой мал зүй бусаар хорогдож, 26,241 толгой мал хээл хаясан. Түүнчлэн Алтай, Алтанцөгц, Баяннуур, Буянт, Дэлүүн, Толбо сум бүхэлдээ, Бугат, Булган сумын зарим багууд, нийтдээ 60 гаруй багийн нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч малын зүй бус хорогдол нэмэгдэх, мал төллөлтөд хүндрэл учрах төлөвтэй байна.
Тиймээс улсын нөөцийн өвс тэжээлийг хаваржилт хүндэрсэн сумдын малчдад хөнгөлөлттэй үнээр олгох, импортоор авч байгаа хүчит багсармал тэжээлийн гаалийн татварыг чөлөөлүүлэх, ОХУ-аас өвс оруулах ажил зохион байгуулах, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Цэнгэл, Улаанхус сум, Өлгий сумын Хотгор багийн Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашины гүйлтийн хугацаа дууссан тул улсын нөөцөөс авто машин олгох зэрэг саналуудыг “Шуурхай бүлэг”-т танилцууллаа.
Энэ үеэр хурандаа М.Энх-Амар, “Засгийн газрын хуралдаанаар Улсын нөөцөөс тус аймагт 700 тонн өвс, 480 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчдад олгохоор шийдвэрлэсэн. Харин түргэн тусламжийн машины асуудлыг Сангийн яам болон Эрүүл мэндийн яамд, импортоор орж байгаа тэжээлийг гаалийн татвараас чөлөөлөх, өвс импортлох асуудлыг Засгийн газарт тус тус уламжлахаа илэрхийллээ” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ