Олдох гэж хэн бэ?! Орхигдсон хөвгүүд, охидыг асрамжийн газрынхан ингээд овоглочихдог аж. Магадгүй эцэг, эх нь олдож элэг бүтэн амьдрахыг бэлэгдсэн нь тэр байх л даа. Гэхдээ л Олдохууд олдсон тохиолдол ховор. Тавын таван хүүхдээ орхиод явдаг “Гарын таван хуруу”-ны Шагдар шиг ийм Олдохууд хорвоогийн тоосыг хөдөлгөж яваа эсэх нь ч эргэлзээтэй.
Нийслэлийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн төв, Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын хамтарсан судалгаагаар 2014 оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол улсад 31 хүүхэд асрамжийн газарт 950 хүүхэд асруулж байна гэсэн тооцоо гарчээ. Хүүхдийн асрамж, халамжийн төвд 2013 он сүүлчээр 965 хүүхэд байсан бол 2014 оны эхний улирлын байдлаар 910 хүүхэд болж 55 хүүхдээр буурчээ. Нийт хүүхдийн 242 нь буюу 24,9% нь гэр бүлтэй, 474 нь буюу 48,9% нь хагас өнчин,253 нь буюу 26,1% нь бүтэн өнчин хүүхэд. Гэр бүлтэй болон хагас өнчин 716 хүүхэд нь нийт хүүхдийн 73,9%-ийг эзэлж байна.
Харин тэдгээр хүүхдүүдийн эрх хэрхэн хангагдаж байгааг яг таг нарийн судалсан судалгаа алга. Энэхүү 31 асрамжийн төвөөс ердөө нэг нь улсын бол үлдсэн 30 нь гадаад, дотоодын хувь хүн, компани буяны байгууллагын санхүүжилтээр ажилладаг.
Гэтэл одоогоос хоёр жилийн өмнө улсын ганц гээд буй “Өнөр бүл” асрамжийн газарт хүмүүжиж байсан 14 хүүхдийг урд хөршид суралцуулах нэрээр хил давуулж, хотоос зайдуу эрдэнэшишийн талбайд ажиллуулж байсан хэрэг гарсан. Хэвлэлээр ил болсон энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй л байгаа. Дээр нь асрамжийн газрын хүүхдүүдээс билгийн замын халдвар өвчин илэрсэн талаар бас л шуугисан.
Анхаарал тавих аав, ээж, эрхийг хамгаалах төр халамжаар дутсан багачууд өөрсдөө буруутай болоод л өнгөрдөг нь хууль гэлтэй.
Адаглаад тэд өвдсөн тохиолдолд уулгаж буй эм, тариа ч эргэлзээ төрүүлэх аж. Нэр бүхий асрамжийн газрын эмийн сангаас хугацаа дуусан Clotri denk, Assure platinum – цусан дахь глюкоз хэмжих тест, хугацаа нь тодорхойгүй Мезим-форте, USOSAN, Фуросимид 40 мг, Kettotifen, нэр нь тодорхойгүй 11 төрлийн эм илэрсэн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийсэн хяналт шалгалтын тэмдэглэлээс харж болно. Тухайн хүүхдийг вакцинд цагт нь хамруулдаг гэж байгаа ч баттай нотолгоогүй. Дээр нь өвдсөн хүүхдийг хэн, хаана эмчилдэг эсэх нь ч тодорхойгүй байдаг гэнэ. Яаралтай тусламжийн цүнх болон тусламж үйлчилгээ үзүүлэх эмийн санд байх шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тариа байхгүй, хүүхдэд үзлэг хийж, эм олгосон талаарх тэмдэглэлийг эрүүл мэндийн картад хөтөлдөггүй, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тарианы нөөц хангалтгүй байх нийтлэг зөрчил “Цөлийн сарнай-2”, “Солонго”, “Бадамлянхуа-Гачуурт” зэрэг байгууллагад илэрчээ.
Харин эдгээр хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсэхийг судалдсан судалгаа өнөөдөр алга. Харин ерөнхий боловсролын сургуулиудын 11-17 насны хүүхдүүдэд хийсэн судалгааг иш татахад хамаатны ах нар, ангийн хөвгүүд, эрэгтэй багш нар, ахын найз гэх мэт хүмүүс хүүхдийн эмзэг эрхтэнд хүрэх эсхүл өөрийнхдөө хүрэхийг шаардах хэрэв хүссэн зүйлийг хийхгүй бол ямар нэгэн юмаар айлгаж бэлгийн хүчирхийлэлд оруулдаг байна. Хүүхэдтэй бэлгийн харилцаанд орохыг оролдож байсан тохиолдол нийт судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 11-т буюу 8.3%-д тохиолдож байсан бол 3 хүүхэд буюу 2.3%-д хүүхдээр бэлгийн ажил хийлгэж байх үедээ зургийг авч, видео бичлэг хийж байсан хүчирхийлэлд хүүхдүүд өртөж байсан гэсэн аймшигтай дүн гарчээ. Энэ нь асрамжийн газартай огт холбоогүй мэт боловч Монголын нийгмийн өнөөгийн нөхцөл байдлыг харж болох тойм үзүүлэлт. Тэр ч утгаараа эцэг, эхийн хараа хяналт сайтай хүүхдүүд ийм байдлаар хүчирхийлэлд өртөж байхад асрамжийн газарт буй хүүхэд өртөхгүй гэсэн баталгаа алга.
Өнөөгийн асрамжийн газруудад хүүхдийн хувийн хэргийн маягт, түүний хөтлөлт, зурагжуулалт, хадгалалт, нууцлал ихэнх төвүүдэд хангалтгүй аж. Тийм ч болохоор хаягдаж ирсэн хүүхдийн болон ар гэрийнх нь талаарх мэдээлэл олдохгүй байх, эцэг эхийг нь тогтоох ажил мухардалд орохоортухайн асрамжийн төвийн нэрээр Бадамлянхуа, Гэрэл, Гэрэлт-од, Энэрэл, Дүгэр, Ганхуяг, Олдох гэх мэт/ болон гаригаар нэрлэж, овоглодог бөгөөд эргээд энэ овгийг нь солиулахад бэрхшээлтэй байдаг тухай нийгмийн ажилтнууд нь ярьж байна.
Асрамжийн газруудад амьдарч байсан хүүхдүүдийн ар гэрийнхэн хандаж, хүүхдээ буцаан авах тохиолдолд оршин суугаа орон нутагт нь мэдэгдэж, хүлээлгэн өгөх, хүүхдийн аав, ээж нь мөн эсэхийг нарийн тогтоох, хүүхдийг нь хүлээлгэн өгөхдөө эрхийг нь хангах талаар гэрээ, хүлээлцэх маягт зэрэг эрх зүйн баримт бичгүүд гээд байх зүйлгүй “ор” төдийхнөөр шийддэг тухай ч мэдээлэл байна. Шуудхан хэлэхэд асрамжийн 31 газарт хүүхдийн эрхийг хамгаалах асуудал доогуур буюу 75 хувьтай байна. Хүүхэдтэй ажиллах багш ажилтан нарын хүүхдийг гэх сэтгэл, хандлага, ажлын ур чадварыг тодорхойлдог үзүүлэлт хангалтгүй буюу 70 хувьтай байгаа нь бидэнд нэгийг хэлж, хоёрыг бодогдуулах тоо.
Ийм нөхцөлд тэнд буй тухайн хүүхэд эрүүл саруул, айдас, хүйдэсгүй, эрх нь зөрчигдөхгүй байна гэж хэлэх боломжгүй. Энэ бол ганцхан удаагийн хийгээд өнгөрсөн судалгаа. Бусад 300 гаруй хоногт нь тэд хэрхэн шар нар, бор хоногийн өнгөрөөдгийг хэн ч мэдэхгүй. Жирийн иргэд байтугайд нь хаалттай байдаг тэрхүү гадны тусламжийн гэх асрамжийн газруудад Монголын ирээдүйн нэгээхэн хэсгүүдэд хэн юу зааж, юунд уриалдаг вэ гэдгийг бид мэдэхгүй. Тэднийг харж, хамгаалалтандаа байлгах ёстой төр засгийн нүд, чих хаана явна вэ? Олдохууд ирээдүйн баталгаа гадны төсөл, дотоодын сайхан сэтгэлтнүүдийн гарт л байна. Тэдний эрүүл тайван орчинд, сэтгэл санааны дарамтгүй, эрүүл, саруул, сурч боловсрох эсэх нь орхиод одсон “Олдох” шиг “0,99” хувийн найдвар төдийхөн дээр нь л тогтож байна. Олдохууд дахиж битгий олширч, бяцхан үрс маань түүн шиг нэрээр битгий овоглуулах явдал “тэг” хувийг заагаасай билээ. Арваас арван таван жилийн дараа Олдохуудын орхисон өнөөдрийн хүүхдүүд бүгд насанд хүрнэ. Харин тэр үед ямар хүсэл тэмүүлэл, үзэл бодол, үнэт зүйлстэй хүмүүс болон хувирахыг мэдэх нь хүн ОЛДОХГҮЙ аж.
Л.НАРАНТӨГС
Нийслэл дэх асрамж, халамжийн төвийн хүүхдийн тоон судалгаа /2013-2014 он/
Стандартын хэрэгжилтийн дундаж түвшинг дүгнэн үзэхэд дараах хувиар илэрхийлэгдэж байна. Үүнд: