“OPEC”-ын шийдвэрт нөлөөлөхөөр хичээж эхлэв үү?

Хуучирсан мэдээ: 2015.04.16-нд нийтлэгдсэн

“OPEC”-ын шийдвэрт нөлөөлөхөөр хичээж эхлэв үү?

“OPEC”-ын далбаа

 

Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын /OPEC/ жилд хоёр удаа болдог ээлжит чуулган ирэх зургадугаар сарын 5-нд болно. Энэ уулзалтаар олон сарын турш унасан газрын тосны үнийг нэмэгдүүлэхийн тулд экспортлогчид олборлолтоо бууруулах шийдвэрийг гаргуулахыг зарим орон хүсч байгаа аж. Тухайлбал, газрын тосны томоохон экспортлогч ОХУ сүүлийн үед  “OPEC”-ын гишүүн орнуудтай идэвхитэй уулзалт, зөвлөгөөн хийж эхэлжээ. Үүнийг ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Аркадын Дворкович “Москва “OPEC” болон Латин америкийн газрын тос үйлдвэрлэгчидтэй урьд байгаагүй идэвхитэй хэлэлцүүлэг, зөвлөгөөн хийж байна” хэмээн батлан мэдэгджээ.

 

ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Аркадын Дворкович хэд хоногийн өмнө “OPEC”-ын ерөнхий нарийн бичгийн даргатай ярилцсан аж. Өмнө нь ОХУ-ын эрчим хүчний сайд Александр Новак өнгөрсөн гуравдугаар сард Москва хотноо Венесуэлийн Асдрубал Чавезтай уулзсан байв. Үүний зэрэгцээ Саудын Арабын газрын тосны сайд Али аль-Наими мягмар гаригт /IV.14/ Эр-Рияд дахь ОХУ-ын элчин сайд Олег Озеровтой газрын тосны зах зээлийн талаар ярилцсан байна. Мөн Венесуэлийн газрын тосны сайд Асдрубал Чавез Каракас хотноо “OPEC”-ын гишүүн найман орон болон Индонезийн төлөөлөгчидтэй уулзалт хийжээ. Энэ хооронд Венесуэлийн Гадаад хэргийн сайд Мигель Родригес өчигдөр /IV.15/ Каракас хотноо ОХУ-ын элчин сайд Владимир Заемскийтэй уулзсан аж.

 

Иран улсын зүгээс лхагва гаригт / IV.15/ газрын тосын үнийн бууралтыг зогсоохын тулд олборлолтоо таван хувиар эсвэл өдөрт 1.5 сая орчим баррелиар бууруулахыг  саналыг “OPEC”-т тавьжээ.

 

Дэлхийн зах зээл дээр 60 ам.долларт хэлбэлзэж буй газрын тосны үнийн уналт  ОХУ болон Венесуэл зэрэг улсын  эдийн засагт хүндрэл учруулжээ. “OPEC”-ын өнгөрсөн арваннэгдүгээр сарын уулзалтаар газрын тосны үнийг нэмэгдүүлэхийн тулд олборлолтоо бууруулахгүй гэсэн шийдвэр гарсан билээ. Харин “OPEC”-ын дараагийн уулзалт зургадугаар сарын 5-нд товлосон байна.

 

ОХУ ОПЕК-т байдаггүй ч нефтийн нөөцөөр 99 орноос наймд ордог, 80 тэрбум баррель нефтийн нөөцтэй хүчирхэг гүрэн. Одоогийн байдлаар ОХУ төсвийнхөө тал хувийг нефтийн экспорт, боловсруулалтаас хангаж буй. Эх сурвалж:Reuters

 

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж