Хуучирсан мэдээ: 2019.03.04-нд нийтлэгдсэн

Унасан бөх ууртай

Эхний ялалтаа баталгаажуулахаар хоёр дахь удаагаа хотын даргад өрсөлдсөн ч ялагдсан НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун ууртай байна. Унасан бөх ууртай байдаг хойно яалтай. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа хотын дарга С.Амарсайханыг төрийн ажил хийх туршлага чадваргүй гэж тодорхойлоод байна. Энэ тухайгаа С.Мөнхчулуун “НИТХ-ын тэргүүлэгчид долоо хоногт нэг удаа хуралддаг байсан. Гэтэл энэ хурлыг хуулийн хүрээнд явуулаагүй. Компани удирдаж буй мэтээр ажилладаг.

С.Амарсайхан ашгийн төлөө ажилладаг компанийн захирал. Ашгийн төлөөх байгууллагыг удирдах боломжтой. Түүнээс том хот, төрийн байгууллагыг удирдах чадваргүй. Ажил, албан тушаалд хүрэхийн тулд юу ч хамаагүй ярьдаг. Нэгэн удаа “НИТХ-ын төлөөлөгчид арав, хориороо авлига аваад, АТГ-т шалгагдаж байна” гэж ярьсан. Ингэж ярьсных нь дараа төлөөлөгчид энэ талаар шаардлага хүргүүлж асуухад “Би тэгж хэлээгүй” гэсэн. Ярьснаасаа эсрэг ажилладаг хүнийг хотыг сайн удирдана гэж итгэхгүй байна” гэжээ.

Хотын захирагчаар томилогдоод байгаа С.Амарсайханы хувьд Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах, автомашины түгжрэлийг сааруулахын төлөө бүхнийг хийнэ гэдгээ амлаад буй. Нийслэлийн тулгамдсан асуудал бол агаарын бохирдол, автомашины түгжрэл хоёр. Үе үеийн хотын дарга нар дээрх асуудлыг шийдвэрлэхийн төлөө янз бүрийн журам гаргаж, тодорхой ажлууд зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй.

Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулахын тулд хотын дарга асан С.Батболд Улаанбаатар хот руу орж ирэх иргэний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан бол хотын дарга асан Э.Бат-Үүл автомашины дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Харин одоогийн Засаг дарга эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар журам хэрэгжүүлж ажиллах вэ гэдэг нь нийслэлчүүдийн анхаарлыг татаж байна. Хоёр том асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа богино үлдсэн. Гэхдээ зөв үр дүнтэй арга хэрэглэж чадвал агаарын бохирдол буурч, түгжрэлийг сааруулах боломж бас бий.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж