Таны бэлэглэсэн цус гурван хүнд амьдрал бэлэглэдгийг мэдэх үү? Хүний хорвоогоос цагаасаа өмнө буцах гэж буй нэгнийг “аргамжиж” үлдээх, хайртай, дотны хүмүүст нь аз жаргал авчрах буянтай үйлийн эзэн болох хүсэлтэй хүмүүс сүүлийн жилүүдэд харьцангуй нэмэгджээ.
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 4-ний өдөр “Цусаа бэлэглэх өдөр”. Амьдрал бэлэглэгчдийн “элч” болж, буянт үйлийг нь зуучилдаг байгууллага болох Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн /ЦССҮТ/ эмч, ажилтнууд 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглээд, дөрвөн жилийг үджээ.
ЦССҮТ эмнэлгүүдийг донорын цус, цусан бүтээгдэхүүнээр хангадаг улсын хэмжээний цорын ганц байгууллага бөгөөд нийслэлийн гурав, хөдөө орон нутаг дахь 26 салбарууд нийт 70 гаруй байгууллагыг цус, цусан бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна.
Энэхүү өдрийн хүрээнд тогтмол 70-аас дээш удаа цусаа бэлэглэсэн хоёр хүнийг “Хүрэл донор”, 10, 20, 30, 40, 50 удаа цусаа бэлэглэсэн зургаан хүнийг “Бахархал” тэмдгээр өргөмжлөн алдаршуулсан юм.
210 ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВАРСАН "ХҮРЭЛ ДОНОР"
Б.Ишийн хувьд 2010 оноос хойш тасралтгүй цусаа бэлэглэн, 2015 онд “Хүндэт донор” болсон бол өнөөдөр 70-аас дээш удаа цусаа бэлэглэн “Хүрэл донор” тэмдэг хүртлээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд 210 хүний алтан амь аварчээ. Түүнээс донор болохын ач холбогдлын талаар асуухад “Нэгдүгээрт, өөрийнхөө эрүүл байх үндсийг тавьдаг. Учир нь цус, цусан бүтээгдэхүүн өгөхийн тулд тухайн хүн заавал эрүүл байх шаардлагатай. Хоёрдугаарт, хүний амь нас аварна гэдэг маш том буян” хэмээн даруухан тайлбарлалаа.
150 хүний амийг аварсан Д.Болортуяа 2017 онд “Хүндэт донор” болж байжээ. Тэрбээр өнөөдөр 50 удаагийн цус өгөлтөөр “Бахархал” тэмдгийн эзэн болсон юм. Түүний хувьд 2005 оны аравдугаар сараас хойш 14 жил тасралтгүй цусаа өгсөөр иржээ. 2005 онд хамаатны бүсгүй нь төрөхөд цус сэлбэх шаардлагатай болсон учир Д.Болортуяа анх удаа цусаа өгсөн байна. Түүний ачаар хамаатны бүсгүй нь эрсдэлгүй амаржиж, хоёр ихэр хүүхэдтэй болсон байна.
Мөн тус эмнэлгийн технологийн тасгийн их эмч Д.Наранхүү 40 удаа цусаа өгснөөр “Бахархал” тэмдгээр мөн шагнуулсан юм. Д.Наранхүү 2015 оны хоёрдугаар сард ЦССҮТ-д ажилд орсон бөгөөд тэр цагаас хойш тасралтгүй цусаа өгчээ. Тэрбээр жилд арван удаа цусаа өгдөг байна.
Нэг хүний өгсөн цусаар гурван хүний амь аварна гэж ярьдаг нь улаан эс, сийвэн, эсийн гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдагтай холбоотой аж.
Монгол Улсад дөрөвдүгээр бүлгийн цустай хүн нийт хүн амын долоохон хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, 14 хүн тутмын нэг нь дөрөвдүгээр бүлгийн цустай гэсэн үг. Үүний дараа нь хоёрдугаар бүлгийн цус эрэлттэй бөгөөд нийт хүн амын 20 хувийг эзэлдэг бол хамгийн нийтлэг нь нэгдүгээр бүлгийн цус аж. Энэ нь хүн амын 40 хувийг эзэлдэг байна.
2025 ОН ХҮРТЭЛ ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХИАЛГА НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА
Энэ үеэр ЦССҮТ-ын захирал Н.Эрдэнэбаяраас цөөн хэдэн асуултад хариул авлаа.
–ЦССҮТ 30 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн 70 гаруй байгууллага “тэжээдэг”. Эдгээр байгууллагыг цус, цусан бүтээгдэхүүнээр хангахад доноруудын оролцоо мэдээж чухал. Сүүлийн жилүүдэд цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэх хандлагатай байна гэж сонссон юм байна?
-Тийм ээ. Жилээс жилд цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэх боломжууд бүрдэж, энэ хэрээр цусны донорын тоо хүрээгээ тэлж байна. Таван жилийн статистик дүнгээс харахад донорын үзүүлэлт 60 орчим хувиар өссөн нь хүмүүс цусаа өгөхийн ач холбогдлыг ойлгосон гэж хэлж болов уу гэж харагдаж байна.
Судалгаанаас үзэхэд 2025 он хүртэл цус, цусан бүтээгдэхүүний захиалга нэмэгдэх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, төрөлт нэмэгдэж байна, эрхтэн шилжүүлэх мэс заслыг жилээс жилд олноор хийдэг боллоо. Элэг болон ясны чөмөг шилжүүлэн суулгаж байна. Эдгээр хагалгаануудын үед зайлшгүй цус хэрэгтэй.
Гурван жилийн өмнө ЦССҮТ 15 нэр төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн хөгжлийн төсөлд хамрагдан цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх иж бүрэн тоног төхөөрөмжөөр 100 хувь шинэчлэгдсэн. Ингэснээр 15 шинэ технологи нэвтрүүлж, өнөөдрийн байдлаар 30 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ бол маш өндөр технологи шингэсэн бүтээгдэхүүнүүд юм.
–Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар идэвхтэй цусаа өгдөг хэдэн хүн байгаа вэ?
-35-аас дээш удаа цусаа өгсөн донорууд “Хүндэт донор” болдог. Ер нь “Хүндэт донор”-ын болзол хангасан 1200 гаруй хүн бий. Үүнээс өнөөдрийн байдлаар идэвхтэй цусаа өгч буй 600 орчим донор улсын хэмжээнд байгаа. 35 хүртэлх насны залуучуудын эзлэх хувь 70 орчим хувьтай байна. Харин сүүлийн жилүүдэд өндөр настай ч гэсэн 50-60 насныхан цусаа өгөх нь ихэсч байна.
-Мэдээж эрүүл хүн донор болох боломжтой. Шинжилгээний хариу нь таагүй гарсан хүмүүсийн шалтгаан юу вэ?
-Арван жилийн өмнө 100 донор ирэхэд арван донор нь шинжилгээгээр хасагддаг байсан. Өнөөдөр мэдээлэл сурталчилгаа сайжирч, хүмүүсийн мэдлэг сайжирснаар 100 донор цусаа өгөхөд 3-4 донор л хасагддаг болсон. Энэ бол олон улсын маш том зөвлөмжид хүрсэн үзүүлэлт юм. Шинжилгээний хариу нь тэнцэхгүй байх шалтгаан нь цус сэлбэлтээр дамжих халдвараас болдог. Үүнд В, С гепатит, архаг хууч өвчин, бэлгийн замаар халдах өвчлөлөөс болоод хасагдах шалтгаан болж байна.
ЭРЭГТЭЙ ХҮН ЖИЛД ЗУРГААН УДАА, ЭМЭГТЭЙ ХҮН УЛИРАЛ ТУТАМ ЦУСАА ӨГӨХ БОЛОМЖТОЙ
Цус өгснөөрөө ямар давуу талтайг эмч тайлбарлахдаа “Цусаа өгч байгаа бол тэр чинээгээр цус төлжинө. Шинэ залуу эсүүд үүснэ. Тухайн хүний бодисын солилцоо сайжирна. Эрүүл мэндийн талаасаа их сайн. Ер нь сүүлийн жилүүдэд нийт хүн ам цусаа бэлэглэхийн ач тусыг ойлгож эхэлсэн. Нийгмийн хариуцлагаа ухамсарладаг болсон. Оюутнууд цусаа бэлэглэхээр дугаарладаг.
Эрэгтэй хүн жилд зургаан удаа, эмэгтэй хүн улирал тутам цусаа өгөх боломжтой. Хавдрын өвчнүүд, төрөхийн хүндрэл, гэмтэл, ослоос шалтгаалж цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ их байна.
Хүн амын 50-иас илүү хувь нь Улаанбаатарт суурьшсан. Өвчлөл их байгаагийн хэрээр цус, цусан бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ дагаад өсөж байна” гэв.
Сонирхуулахад, жилд 50 орчим “Хүндэт донор” төрдөг байна. "Хүндэт донор" болчихвол нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагддаг бөгөөд хамгийн наад зах нь автобусанд үнэ төлбөргүй зорчино. Чих, хамар, хоолойн мэс засал, гэмтлийг жилд нэг удаа үнэ төлбөргүй эмчлүүлнэ. Улсын чанартай рашаан сувилалд үнэ төлбөргүй амарна. Мөн ахмад “Хүндэт донор”-уудад жилд нэг удаа түлээ түлшний 140 мянган төгрөг өгдөг байна. 30 минут зарцуулаад 350 мл цус бэлэглэж, гурван хүний амь аврах боломж хүн бүрт бий.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ