"Цэнхэр тасалбараараа хувьцаа авснаа мэдэхгүй, мартчихсан хүмүүс ханддаг" | News.MN

"Цэнхэр тасалбараараа хувьцаа авснаа мэдэхгүй, мартчихсан хүмүүс ханддаг"

"Цэнхэр тасалбараараа хувьцаа авснаа мэдэхгүй, мартчихсан хүмүүс ханддаг"

Иргэдийн хувьд 1990-ээд онд тараасан цэнхэр, ягаан тасалбараар авсан хувьцааны ногдол ашгаа авч болох уу гэдэг асуулт их тавьдаг. Энэ асуултад хариулт авахаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ч.Алтанзагасаас тодрууллаа.

-Монголд 1990-ээд оны үед иргэн бүрт цэнхэр, ягаан тасалбар тараасан байдаг. Одоо ч цэнхэр, ягаан тасалбарын талаар мэдээлэл авч, хувьцааны дансаа шалгуулахаар иргэд ихээр хандаж байна. Цэнхэр, ягаан тасалбарын талаар мэдээлэл өгөөч?

-Монголд 1990-ээд оноос хөрөнгө оруулалтын эрхийн бичиг буюу цэнхэр тасалбарыг иргэн бүрт хороо захиргаагаар дамжуулан тараасан байдаг. Энэ хөрөнгө оруулалтын эрхийн бичиг нь хувьцаа авах эрхийн бичиг л гэсэн үг. Цэнхэр тасалбараар хувьцаат компанийн хувьцаа авахдаа брокер диллерийн компани дээр очоод эрхийн бичгээрээ “Тэр компанийн тийм хувьцаа авъя” гээд захиалах ёстой юм. Харин бага хувьчлал буюу ягаан тасалбар гэдэг нь 1990-ээд оны үед иргэдийг өөрсдөө захиран зарцуулахад зориулан олгосон тасалбар. Нэгж үнэ нь 1000 төгрөгний үнэтэй байсан.

Бага хувьчлалын тасалбарын эрхийг иргэдэд өгсөн учраас энэ талаарх мэдээлэл манай төвд байхгүй. Харин цэнхэр тасалбараараа брокерын компаниар дамжуулан хувьцаат компанийн хувьцаа авсан хүмүүсийн мэдээлэл л манай төвд бүртгэлтэй байдаг. Тухайн үед 1990-ээд онд нэг хэсэг хүмүүс цэнхэр, ягаан тасалбараа гудамжинд зардаг байсан. Нөгөө хэсэг нь авсан тасалбараа хэрэглэхгүй гэртээ хаячихсан, эсвэл хэн нэгэн хүнд өгсөн бол манай төвд бүртгэлгүй. Зарим иргэд тухайн үед нэгдэлд байхдаа эрхийн бичгээрээ мал худалдаад авчихсан байдаг. Эдгээр иргэний хувьцааны мэдээлэл Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгэлгүй гэсэн үг л дээ.

Хөрөнгө оруулалтын эхийн бичиг буюу цэнхэр тасалбар

-Иргэд цэнхэр, ягаан тасалбарын талаар мэдээлэл авахдаа юуг анхаарах вэ. Ихэнх хүмүүс эцэг, эхийн нэр дээр хувьцааны данс нээлгэсэн байна гэж ярьж байна?

-Ер нь 1990-ээд онд хүн бүрт данс нээхгүйгээр нэг хүний нэр дээр данс нээдэг байсан. Ихэнх тохиолдолд өрхийн тэргүүн юм уу, гэр бүлийн асуудлаа хөөдөлддөг хүмүүсийн нэр дээр хувьцааны данс бүртгэлтэй байдаг. Тэгэхээр 1990-ээд оны хувьцааны дансны талаарх мэдээллээ авахыг хүсвэл аав, ээжийнхээ иргэний үнэмлэхийг аваад ирэх боломжтой.

Мөн цэнхэр тасалбараараа хувьцаат компанийн хувьцаа аваад мартчихсан, эсвэл хувьцаа авснаа мэдэхгүй байгаа хүмүүс их ханддаг. Манай төвөөс тухайн иргэний үнэмлэхийн мэдээллээр дамжуулан программ дээр шүүж, хэлж өгдөг. Хувьцаа авсан тохиолдолд ар талын гүйлгээний тэмдэглэл хэсэгт “Тулга” компанийн хэдэн ширхэг хувьцаа авсан гээд гарын үсэгтэй бөглөсөн байдаг. Ийм тохиолдолд тухайн иргэний хувьцааны мэдээлэл манай мэдээллийн баазад хадгалагдсан гэсэн үг. Хэрвээ арын хэсэг нь бөглөгдөөгүй хоосон байвал манай төвд мэдээллийн шүүгээд ч гарч ирэхгүй. Мөн цэнхэр тасалбараараа мал авсан иргэдийн эрхийн бичгийн ар талын хэсэгт “адуу, хонь тэдэн ширхэг” гээд бичсэн бол манай төвд мэдээлэл нь байхгүй.

-Тухайн үед хувьцааны данс нээлгэж байсан хувьцаат компаниуд одоо татан буугдаад байгаа шүү дээ. Иргэд одоо цэнхэр, ягаан тасалбараас ногдол ашиг авах боломжтой юу?

-Хөрөнгийн биржийн сайтад 1990-ээд онд хувьцаат компани болсон компаниудаас одоо татан буугдсан компаниудын жагсаалтууд бий. Хувьцаат компани тухайн жилдээ ашигтай ажилласан тохиолдолд жилд нэг удаа ногдол ашиг олгодог. Татан буугдсан гэдэг чинь үйл ажиллагаа нь зогссон гэсэн үг. Тэгэхээр цэнхэр тасалбарт хувьцаа байгаад одоо зарагдах боломжгүй.

Гэхдээ иргэд 1990-ээд онд ямар компанийн хувьцаа авснаас бас шалтгаалж байгаа. Тиймээс тухайн үедээ цэнхэр тасалбараараа хувьцаа авсан хүмүүс хувьцааны дансны мэдээллээ шүүлгэж болно. Хэрвээ компанийн үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа бол хувьцааных нь дансанд хувьцааны ногдол ашиг орсон нь он оноороо бичигдсэн байгаа. “Мах эмпекс”, “Талх чихэр” зэрэг компаниуд ногдол ашгаа компани дээрээ тараадаг бол “Говь”, “АПУ” зэрэг компаниуд хувьцааны дансанд ногдол ашгаа шилжүүлдэг. Тэгэхээр иргэд манай төвөөр дамжуулан хувьцааныхаа дансыг шалгуулах боломжтой.

-Сошиалд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааг өндөр үнээр худалдаж авна, зарна гэсэн зарууд цацагдаж байна. Ер нь 1072 хувьцааг худалдаж авах, зарах боломжтой юу?

-Ер нь Үнэт цаасны тухай хууль, Компанийн тухай хуульд тухайн хувьцаа зах зээл дээр гарч байж зарах бэлэглэх, өвлөх эрх нь нээгдэнэ гэж заасан байдаг. Гэтэл 1072 хувьцаа зах зээлд гараагүй байхад зарна гэдэг боломжгүй. Манай төв дээр иргэд ”Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг зарж болох уу” гэж их асуудаг. Иргэдийн хувьд одоохондоо 1072 хувьцааныхаа дансыг л нээлгэх шаардлагатай байгаа. Иргэд хувьцааны данс нээлгэнэ гэхээр олон данстай байна гэж ойлгоод байдаг. Нэг иргэн хувьцааны нэг л данстай байхад тэр данс руу нь янз бүрийн хувьцаа орох боломжтой. Жишээлбэл, цэнхэр тасалбараараар хувьцаа авсан иргэдийн мэдээлэл үнэн зөв, өөрчлөгдөөгүй бол тэр данс руу нь 1072 хувьцаа шууд орно. Иргэн давхар данс нээлгэх шаардлагагүй гэсэн үг. Зөвхөн дансгүй хүмүүс л хувьцааны дэнс нээлгэх юм.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

У.АЛТАНЗУЛ 2019-03-04 66.181.161.46

ЦЭНХЭР ЯГААН ТАСАЛБАРАА ХЭРХЭН МЭДЭХ ВЭ

Avatar

Зочин 2019-03-04 43.249.37.35

Ene tuv n khaana baidag yum bol medeh khun baina uu

Avatar

Зочин 2019-03-04 103.229.121.96

Апу д

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж