Та сургалтын төлбөрөө төлсөн бол и-баримтаа заавал аваарай гэсэн уриалгыг Монголын оюутны холбооноос тарааж эхэлжээ. Сургалтын төлбөрийн и-баримтаа авснаар жилийн эцэст татварын буцаан олголтоор төлбөрийн 10 хувийг авах боломжтой. Мөн сугалааны тохиролд оролцох эрхтэй болох юм.
Сургалтын төлбөрийн буцаан олголтыг олгож эхэлсэн эсэх талаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч Н.Жаргалцэцэгээс тодруулахад “Сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлтийн материалыг өнгөрсөн хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл авсан. Одоогоор бүртгэх ажил хийж байна. Буцаан олголтыг олгож эхлээгүй. Оюутнуудын эцэг, эх сургалтын төлбөрийн 10 хувийн буцаан олголтын хөнгөлөлтийг авч хэрэглэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, оюутнуудын сургалтын төлбөрийг 10 хувиар тооцож хөнгөлөхгүй” гэлээ.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24.6-д "Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн баримтаар нотолж байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ" гэж заажээ.
Холбоотой мэдээ