"10"-ын болон улаан, цэнхэр судалтай торыг хураана

Хуучирсан мэдээ: 2019.03.04-нд нийтлэгдсэн

"10"-ын болон улаан, цэнхэр судалтай торыг хураана

"10"-ын болон улаан, цэнхэр судалтай торыг хураана

Засгийн газрын 189 дүгээр тогтоолын дагуу гуравдугаар сарын 1-нээс “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай” хууль хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжээд дөрөв хонож байгаа ч яг ямар уутыг ашиглаж болох, болохгүй талаар иргэд мэдээлэлгүй байна. Хуульд зааснаар 0.035 мм-ээс нимгэн нийлэг уут  ашиглахыг хориглосон ч үүнд иргэдийн ашигладаг ихэнх нийлэг уут, тор багтаж буй. Мөн сошиал орчинд тархаад байгаа дараах зураг иргэдийг төөрөгдөлд оруулаад байгаа юм.

УЛАВЧ БОЛОН ХОГНЫ УУТАНД ХАМААРАХГҮЙ

Энэ талаар Байгаль, орчин аялал жуулчлалын яамны хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээс тодруулахад “Сошиал орчинд түгээд байгаа зургийг манайхаас гаргаагүй. Ерөнхийдөө бидний ярьдгаар 10-ын тор хэмээх нимгэн, сэнжтэй уут болон улаан, цэнхэр судалтай торыг ашиглахыг хориглож байгаа. Энэ хууль хүнс, баглаа боодлын зориулалттай нийлэг уутанд хамаарч байгаа болохоос улавч болон хогны уутанд хамаарахгүй. Гэхдээ хогны уутанд хогны зориулалтаар ашиглана гэсэн бичиг тавихыг шаардана. Хуулийн хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин ажиллах болно” гэсэн юм.

ТОРГОЛГҮЙ  ХУУЛИЙГ ХЭВШИЛ БОЛГОХЫГ УРИАЛЖ БАЙНА

Хууль хэрэгжсэнээс хойш ямар зөрчил илэрч байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн хүнсний чанар, стандартын улсын ахлах байцаагч Х.Чимгээгээс тодрууллаа.


-Хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийтлэг ямар зөрчил илэрч байна вэ?

-Манайх төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулдаг. Энэ хүрээнд нийлэг уутны хуульд  хяналт тавьж байна. Нийлэг уутны хэрэглээтэй холбоотойгоор ямар нэгэн арга хэмжээ авахаас илүүтэйгээр хэвшил болгохыг уриалж байна. Өөрөөр хэлбэл, 0.035 мм-ээс нимгэн нийлэг уутыг худалдаа үйлчилгээнд ашиглаж байгаа тохиолдолд хураан авч байгаа юм.

-Тус хулийг зөрчсөн тохиолдолд иргэнийг 300 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг гурван сая төгрөгөөр торгох хууль хэдийнээс хэрэгжих вэ?

-Хог хаягдлын тухай хуулийн дөрөвт “Стандартад нийцээгүй заасан сав, баглаа боодлыг үйлдвэрлэсэн, худалдаа үйлчилгээнд нэвтрүүлсэн” бол  Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 300 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг гурван сая төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Бидний тухайд хүнсний чанарын стандартын дагуу хуульд заасан хэрэглээг хэвшүүлэх арга хэмжээ авч байна. Учир нь, Засгийн газраас гаргасан тогтоол нь хог хаягдал, экологи, агаарын бохирдолтой холбогдож гарсан. Энэ  тогтоол нь хүнсний чанарын стандартын журмыг зөрчөөд байгаа юм. Хүнсний чанарын стандартаар хүнсний сав баглаа боодол нь 0.025 мм-ээс нимгэн байгаа тохиолдолд хүнсэнд хэрэглэхийг хориглодог. Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улсын ерөнхий прокурорт энэ зөрчилтэй асуудлыг албан бичгээр хүргүүлсэн. Мөн Байгаль орчин, аялал, жуулчлалын яаманд тогтоолыг хэрэгжүүлэх журмыг стандартад нийцүүлэн гаргах шаардлага тулгараад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг гарган ажиллаж байна. Манайх хуулийн хэрэгжилтэд хяналт тавих байгууллагын зүгээс хэрэгжилттэй холбоотой хийх ажлыг нэгдүгээр сараас эхлэн хийсэн. Одоогоор 0.035 мм-ээс нимгэн нийлэг уутыг хурааж байна. Мөн тогтоолыг хууль журамд нийцүүлэн батлахыг хүлээж байна.

-Яамнаас 10-ын тор болон улаан, цэнхэр судалтай торыг хориглож байгаа гэсэн тайлбар өгч байна. Танай зүгээс зах зээлд байгаа нийлэг уутанд хэмжилт хийж байгаа гэсэн. Хэмжилтээр зах зээлд байгаа уутнаас ямрыг нь ашиглаж болох вэ?

-Дүүргийн байцаагчид бүгд хэмжилт хийж, ажиллаж байна. Гэхдээ тасалдаг нийлэг уутууд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэмжилтээр хүнсний стандартад заасан хэмжээ буюу 0.025 мм-ээс бага буюу 0.020 мм-ээс бага байгаа тул хүнсэнд ашиглахыг хориглож байгаа. Манай зүгээс дэлгүүр, худалдааны төвүүд, хоолны газруудад 0.035 мм-ээс нимгэн нийлэг уут ашиглахгүй байх мэдэгдэл хүргүүлсэн. Гарсан тогтоол, стандарт, хуулийг биелүүлэх нь аж ахуйн нэгж байгууллагын үүрэг. Одоогоор ийм нийлэг уут ашиглаж байвал журмын дагуу байцаагч нар хурааж байна.

-Томоохон худалдааны төвүүд тухайлбал, "Номин", "Оргил"-ын тор нь 0.035 мм-ээс нимгэн байсан. Гэвч уг торыг ашигласаар байх юм?

-Манай байцаагчид хэмжилт хийж байгаа. Хэмжилтийн дүнгээс шалтгаалаад 0.035 мм-ээс бага хэмжээтэй торыг хураах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж