Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд Лондон хотноо ажлын айлчлал хийв.
Айлчлалын хүрээнд сайд Д.Сумъяабазар Британийн Олон улсын худалдааны дэд сайд Рона Фэйрхэд, “Лондонгийн хөрөнгийн бирж” группийн гүйцэтгэх захирал Дэвид Швиммэр, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Алэйн Пилью, “Рио Тинто” компанийн Зэс, очир эрдэнийн группийн захирал А.Суарат зэрэг Британийн Засгийн газар, Лондонд төвтэй олон улсын санхүүгийн байгууллагуудын удирдлагууд, мөн “JP Morgan”, “Jefferies”, “Bank of America Merrill Lynch”, “Sturgeon Capital” зэрэг хөрөнгө оруулалтын банк, сангуудын төлөөллүүдтэй тус тус уулзалт хийв.
Уулзалтуудаар сайд Д.Сумъяабазар Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд шинэ таатай орчин бүрдэж байгааг онцлон тэмдэглэж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд нээлттэй гаргах бэлтгэл ажлын тухай мэдээлэл өгч, уг төслийн талаар харилцан санал солилцлоо.
Эх сурвалж: ГХЯ
Холбоотой мэдээ