Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийг бууруулах зорилгоор "Нэг хором уураа тэвчье" аяныг энэ сард эхлүүллээ.
Өнгөрөгч оны статистик мэдээллээс харахад, энэ төрлийн гэмт хэргийн гаралт нийслэлд 61 хувь, орон нутаг 31 хувь үйлдэгджээ. Харин уг гэмт хэргийн гаралт нөхцөл байдлыг нарийвчлан авч үзэхэд 40 хувь нь гэр орон ахуйн хүрээнд, 27-30 хувь нь гудамж талбай, олон нийтийн үйлчилгээний газар үйлдэгдэж байна. Энэ төрлийн гэмт хэргийн 88 хувь нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулах буюу хоромхон зуурын уур бухимдлаа барьж дийлээгүй, эсвэл архидан согтуурснаас үйлдэгддэг аж.
Дээрх гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн тухайд залуус бусадтай үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар нэг хормын уур уцаараа барьж дийлээгүйгээс энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирдог гэдгийг холбогдох албаныхан тайлбарлаж буй.
Тиймээс нэгхэн хором өөрийн уур бухимдлыг барьж сурснаар өөрийгөө болон өрөөлд хохирол учруулахгүй гэж хууль хяналтын байгууллагын албан хаагчид анхааруулж байна.
Тус аяны талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэдгийг энгийнээр хэлэхэд зодолдох, танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн хэлбэрээр үйлдэгддэг. Зодолдох, танхайрах гэмт хэргийн тоо буурахгүй байна. Бусдын эрүүл мэндийн эсрэг халдашгүй байдлын гэмт хэрэгт ид хийж бүтээх насны залуучууд холбогддог. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэг өс хонзонгоос биш уураа барьж дийлээгүйгээс үйлдэгддэг юм. Тус аян орон даяар зохион байгуулагдана. Мөн энэ сард олон нийтийн тэмдэглэлт баяр нэлээдгүй зохиогддог. Тиймээс залуустаа ганц хормын уур бухимдлаа "Уучлаарай" гэдэг үгээр сольё гэж уриалмаар байна. Ухаалаг залуусын ухаантай үйлдэл амьдралыг аварна” гэв.
Цагдаагийн байгууллаас дээрх аяны хүрээнд нийгэмд байгаа уур бухимдал стрессээ барьж сурах, хүнтэй эвтэй, харилцаа хандлагаа өөрчлөх, цаашилбал дээрх гэмт хэргийн хор уршгийг залуучуудад таниулах ажил зохион байгуулах аж.
Ингэхдээ хүний эрүүл мэнд, эрхэнд халдсанаар ямар хуулийн хариуцлага хүлээх талаарх эрх зүйн мэдээллийг олон нийтийн хэрэгслээр түгээх юм байна. Харин маргааш буюу гуравдугаар сарын 5-ны өдөр их дээд сургуулийн гурван мянган эрэгтэй оюутанд харилцаа хандлага, эрүүл мэндийн талаар лекц уншиж, зөвлөгөөн зохион байгуулах ажээ.