Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад “Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулгыг инфографикийн хамт толилуулж байна.
“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР НЭЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн чуулганы нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталлаа.
Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр хөрш орнуудтай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, мөн эдгээр улсад ажиллаж амьдарч, суралцаж буй иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиг үүргээ хэрэгцээт газарт нь үзүүлэх шаардлага тавигдаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, аялал жуулчлалын төв болсон, 700 орчим монгол оюутнууд суралцдаг Шанхай хотод Ерөнхий консулын газар нээх нь зүйтэй гэж үзэв.
Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газрыг шинээр нээснээр тус хот болон Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу мужид ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих хятадын болон бусад улсын иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах зэрэг боломж нээгдэх юм. Тодруулбал, Шанхай хотод Ерөнхий консулын газар нээснээр тус хотоос гадна Хятадын зүүн болон зүүн өмнөд хэсгийн дээр дурдсан таван мужийг тус Ерөнхий консулын газарт харьяалуулж, Бээжин дэх Элчин сайдын яамны консулын болон визийн үйлчилгээний ачааллыг бууруулах, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг сайжруулах боломж нэмэгдэнэ.
Түүнчлэн Монгол Улсыг сурталчлан таниулах, хөрөнгө оруулалт татах зорилгоор соёл, урлаг, хүмүүнлэгийн арга хэмжээ тогтмол зохион байгуулах, олон улсын арга хэмжээнд идэвхтэй оролцох, Шанхайн банк, санхүү, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайтар судалж, дотоодын компани, аж ахуйн нэгжүүдэд олон улсын зах зээлд хувьцаа, IPO гаргахад дэмжлэг үзүүлэх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Ерөнхий консулын газар чухал үүрэг гүйцэтгэх юм.
Шанхай хот дахь Ерөнхий консулын газрыг гурван орон тоотой байхаар төлөвлөж, тус газрыг нээх, үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбоотой зардлыг 2019 оны төсөвт суулгаж, батлуулсан болно.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газар
Холбоотой мэдээ