Зууны манлай дуучин Б.Сарантуяа, Л.Ган-Эрдэнэ нар "Гран при" хүртжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.04-нд нийтлэгдсэн

Зууны манлай дуучин Б.Сарантуяа, Л.Ган-Эрдэнэ нар "Гран при" хүртжээ

Зууны манлай дуучин Б.Сарантуяа, Л.Ган-Эрдэнэ нар "Гран при" хүртжээ

“Морин хуур-2018” наадамд Зууны манлай дуучин Б.Сарантуяа “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэтэй хамтран хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцийн дуугаар оролцож, Гран при шагнал хүртжээ. Энэ жилийн наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт нийтийн, эстрад, мэргэжлийн гэсэн гурван номинациар явагдаж, шилдэг 15 дуу шалгарсан байна.

“Морин хуур-2018” наамдын “Оны шилдгийн шилдэг Гран при шагналтан хөгжмийн зохиолч”-оор Х.Мөнх-Ертөнц шалгарчээ. Харин нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дорлиг, мэргэжлийн дууны шилдэг хөгжмийн зохиолчоор Ц.Пүрэвхүү нар шилдгээр шалгарсан аж.

Мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын ая "Эрдэнэт Монголоо дуурсана" дуу үзэгчдийн шагнал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвдоржийн ая "Би Монгол бүсгүй" дуу болон хөгжмийн зохиолч Э.Эрболдын ая "Найз" дуу тусгай байр, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн аялгуу "Залбирал" дуу гуравдугаар байр, "Айзам" хамтлагийн хөгжимчин О.Хүрэлбаатарын аялгуу "Маш нууц" киноны "Үеийн үед" дуу дэд байранд тус тус шалгарчээ.

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос “Морин хуур-2018” наадмыг 32 дахь жилдээ зохион байгууллаа. Шилдэг хөгжмийн зохиолч, дуучид чансаагаа сорьдог уг наадмын гала тоглолт гуравдугаар сарын 02-нд Соёлын төв өргөөнөө болж өндөрлөсөн юм. Уг наадмыг сүүлийн 10 жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг болсон билээ. “Морин хуур” наадам нь 1987 оноос хойш олны хүртээл болж байгаа бөгөөд анхны “Оны шилдгийн шилдэг гранпри шагналтан хөгжмийн зохиолч”-оор Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ч.Сангидорж “Монгол далай” дуугаараа авч байжээ.

“Морин хуур” наадмын түүхэнд хамгийн олон “Морин хуур”-ын эзнээр тодорсон уран бүтээлчдийг нэрлэвэл, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров 1990 онд “Хүн тэнгэр”, 2001 онд “Амраг минь дээ”, 2013 онд “Бурхан халдун” дуугаар, Төрийн шагналт Б.Шарав 1990 онд “Монгол туургатны гал голомт”, 1995 онд “Хайрхан уулын бараа”, 2012 онд “Монгол газар шороо мину” дуугаар, УГЗ Б.Бямбабаяр 1992 онд "Орхон түшээ мөрөн”, 1996 онд "Эзэн заяа", 2000 онд "Эрхлэхийн заяатай хорвоо" бүтээлүүдээрээ тус бүр гурван удаа хүртэж байсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж