ОХУ-ын Красноярск хотод өнгөрөгч бямба гаригт /2019.03.02/ Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадмын нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтийн арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Олон улсын олимпийн хорооны тэргүүн Томас Бах нар оролцжээ. Универсиадын нээлтийн үеэр Сибирийн ард түмний соёл заншил, түүхийг харуулсан урлаг соёлын тоглолтыг сонирхуулжээ.
Уг наадамд 50 орны 3000 гаруй тамирчин спортын 11 төрөлд 76 багц медалийн төлөө өрсөлдөнө. Өнөөдрөөс эхлэн медалын эзэд тодорно.
Монголын баг тамирчид анх 1991 онд Японы Саппоро хотод болсон наадмаас эхлэн оролцож байсан түүхтэй. Түүнээс хойш 14 дэх өвлийн Универсиад наадамд өргөн бүрэлдэхүүнтэй Красноярс хотыг зорьсон.
Монголын баг анх удаа цана, цанын орон зай баримжаалах, шорт-трек, уран гулгалт, фристайлын гэсэн таван төрлөөр оролцох гэж байна. Энэ удаагийн наадамд оролцох төрөл, тамирчид нэмэгдэж, багийн 26 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Тодруулбал, 16 тамирчин, зургаан дасгалжуулагч, багийн дөрвөн албаны хүн багтсан байна.
МОНГОЛЫН БАГ:
Цана:
- Тамирчин Б.Ачбадрах, С.Дүүрэнбаяр, Б.Мөнхгэрэл /эрэгтэй/, А.Энхтуул, Д.Оюунчимэг, Э.Ариунтунгалаг /эмэгтэй/
- Дасгалжуулагч: Б.Энх-Амгалан
Шорт-трейк:
- Тамирчин Б.Гэрэлтуяа /эмэгтэй/
- Дасгалжуулагч: Б.Сансарбилэг
Цанын орон зай баримжаалах:
- Тамирчин Д.Ганбаяр, Г.Мөнх-Эрдэнэ, Д.Бумбаяр /эрэгтэй/, Ц.Мөнхчимэг, Д.Хулан, Б.Нангид /эмэгтэй/
- Дасгалжуулагч Ж.Батсайхан, Б.Гэрэлт-Од
Уран гулгалт:
- Тамирчин Г.Марал-Эрдэнэ
- Дасгалжуулагч А.Шинэсаран
Фристайл:
- Тамирчин С.Тэмүүлэн, Г.Буянт нар тус тус Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадамд оролцохоор болжээ.
Монгол улсын спортын түүхэнд анх удаа олон улсын тэмцээнд оролцох гэж байгаа уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ Япон улсаас ОХУ-ыг зорьжээ.
Монголын багийн тэмцээний мэдээллийг эргэн хүргэнэ.