Өнгөрч буй долоо хоногт олны анхаарал татсан гурван суудлын томилгоо боллоо. Гурван сар шахам эзэнгүй байсан нийслэл хотын Захирагчийн сэнтий эзэнтэй болж, нийслэлийн парламент болох НИТХ-ын даргаар ажиллаж байсан С.Амарсайхан сайн дураараа “зиндаагаа бууруулж” Улаанбаатар хотын даргаар сонгогдлоо. Уг нь НИТХ-аас хотын даргад С.Мөнхчулууны нэрийг санал болгосон ч Ерөнхий сайд сар гаруй хариу өгөлгүй гацаасны эцэст батламжлахгүй гэсэн хариуг өгч НИТХ-ын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт дахин хуралдаж С.Амарсайхан 50 хувь жаахан илүүтэй санал авсныг Ерөнхий сайд хагас өдрийн дотор батламжиллаа. Хотын шинэ дарга маань Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй хавсайдаж байж санасандаа хүрсэн гэсэн үг. Харин С.Амарсайханы суудлыг НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва төвөггүйхэн эзлээд авав. Угаасаа эртнээс ярьж тохирсон сценари учраас төвөг удаад байх зүйл ч байсангүй.
Өнгөрсөн долоо хоногийн гурав дахь томилгоо нь МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчийг сонгох Их хурал байлаа. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр таван жил ажилласан олонд “урбанек” нэрээр алдаршсан Б.Лхагважавын орыг UFC группийн ерөнхийлөгч О.Амартүвшин залгахаар боллоо. Энэхүү албан тушаалын төлөө хуучин ерөнхийлөгч Б.Лхагважав улиран сонгогдохын төлөө нэрээ дэвшүүлсэн бөгөөд түүнээс гадна ХАС-ын гэдгээрээ олон танигдсан “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Монголыг зах зээлийн эдийн засагт шилжих үеэс л бизнес эрхэлж ирсэн “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан, “UFC” группийн ерөнхийлөгч О.Амартүвшин, мөн "Өгөөж чихэр боов” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл нар өрсөлдсөн юм. Ширүүн өрсөлдөөний дүнд өглөөний 03.00 цаг орчим саналын илүүгээр О.Амартүвшин МҮХАҮТ-ыг 2024 он хүртэл удирдахаар боллоо. Монголын эдийн засгийн гол тулгуур болсон хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдийг нэгтгэдэг энэ байгууллага нийгэмд томоохон үүрэг гүйцэтгэх потенциальтайд тооцогддог ч одоогоор хаа нэг мэдэгдэл гаргахаас хэтрэлгүй байсаар буй.
Энэхүү гурван томилгоо гэлтгүй сүүлийн хэдэн жил Монголд болж буй ямар нэг албан тушаалын эзнийг тодруулах хурлын ерөнхий дүр зураг, хэв маягийг харахад заавал нохойн амаар нийлүүлэх гэж оролддог болжээ. Гэрийн хана дугуйлахдаа буруу амаар нь нийлүүлэхийг монголчууд нохойн амаар нийлүүлэх гэж ярьдаг. Буруу амаар нь нийлүүлсэн ханан дээр унь өлгөж, тооноо зөв тавина гэж байхгүйг монголчууд мэднэ.
Хурал болгон дажинтэй, хэрүүл уруултай, өнгөлөн далдалсан тавилттай, үүр шөнийг хугасалсан, нэг нэгнээ барьцаалсан, эсвэл нэг нэгэндээ чөдөр тавьсан ийм л маягаар хийдэг болж. Хорооны хурлаас эхлээд УИХ нь хүртэл. МАН-ын олонх болсон парламент эхний Засгийн газрынхаа бүтцийг шөнө дөлөөр хэлэлцэн баталж байсан бол энэ 2018 он дуусах сүүлийн долоо хоногт сар гаруй ажлаа хаяж хуралдахгүй байж байснаас хоёр шөнө дараалан хуралдсан. Эхний шөнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай хууль болон дагалдах хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан бол дараах өдөр нь ЖДҮХС-гийн зээлийг албан тушаалаа урвуулан ашиглаж авсан дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын хүсэлтийг хэлэлцсэн. Эхний өдрийн шийдвэрийн дагуу эдүгээ МАН-ын олонх УИХ-ын даргаа албан тушаалаас нь чөлөөлчихөөд байгаа бол хоёр дахь өдрийн шийдвэрээр баялаг бүтээх чин хүсэлтэй хэдэн зуун жирийн иргэний боломжийг хулгайлан завшсан эрхэм гишүүд хариуцлагаас мултарсан хэвээр байгаа юм.
Уг нь хуран суугаад зөв шийдэл олох гэж л хуралддаг. Хотын даргыг томилох НИТХ-ын өнгөрсөн долоо хоногийн хурлыг санаж байгаа бол цаг тутам завсарлага авч хаврын тэнгэр шиг л хуйсганасан. Хуулийн заалтыг тултал ашигласан, өнгөц харахад хуулийн дагуу бүхий л процедурыг гүйцээсэн ийм хурлаас нохойн амаар эвлүүлсэн шийдвэр гарч, томилгоо хийгддэг боллоо. Нохойн амаар эвлүүлсэн эдгээр хурлын гор энэ улсыг хэтдээ яйжийлган нураан унагаж байна.
Холбоотой мэдээ