Уурхайн ослын шалтгааныг тогтоосон ч нууцалж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.04-нд нийтлэгдсэн

Уурхайн ослын шалтгааныг тогтоосон ч нууцалж байна

Уурхайн ослын шалтгааныг тогтоосон ч нууцалж байна

“Эко Алтан Заамар” компанийн уурхайн хөрс цөмөрч гурван машин, дөрвөн хүн дарагдсан ослын шалтгааныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тогтоожээ. Гэвч энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж тус газрын дэд дарга Д.Энхсайхан онцоллоо. Тэрбээр зөвхөн прокурор зөвшөөрөл өгөхөөс нааш ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй аж. Энэ тухай Д.Энхсайхан дарга хэлэхдээ “Ослын шалтгааныг тогтоосон. Ослыг бүртгэх, судлах комисс одоо хэргийн газар дээр ажиллаж байна. Аврах ажиллагаатай зэрэгцээд хяналт шалгалт давхар явагдсан. Олон зүйл тодорхой болсон ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Мэргэжлийн хяналтынхан ослын голомтод ажиллаж байгаа тул шалтгаан нөхцөлийг нь нэгдсэн байдлаар дүгнэж мэдээлэх аж. Урьдчилсан дүгнэлтээр, 80 орчим метрийн өндөр хана нурсан, талбайн хэмжээг 5400м2 гэж үзжээ. Үүнийг одоогоор газар хөдлөлтөөс болсон байх магадлалтай гэж тайлбарлаж буй юм. Учир нь хөрс цөмрөхөөс нэг өдрийн өмнө 22.45 цагт Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт буюу осол болсон газраас 24 км-ын зайд 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Аврах ажиллагаа хүнд нөхцөлд байгаа тул нурангид дарагдсан хоёр иргэний цогцсыг ойрын хугацаанд олох нь тодорхойгүй, аврагчид нөхцөл байдалтай уялдуулан тактикаа өөрчлөн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газрын хэвлэлийн ажилтан н.Анхтуяа хэлэв.

ХОЁР УУРХАЙЧНЫ ЦОГЦСЫГ ОЛОВ

Гуравдугаар сарын 2, 3-ны өдөр: Осол өнгөрсөн сарын 28-нд гарснаас хойш хоёр хоногийн дараа буюу бямба гаригт /2019.03.02/ аврагчид таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19.04 цагт нэг иргэний цогцсыг гаргасан бол маргааш өдрийн 13.40 цагт дахин нэг уурхайчны цогцсыг гаргасан. Одоо цогцсуудыг таниулах ажиллагаа явагдаж байна. Сураггүй болсон дөрвөн хүний хоёр нь эксковаторч, бульдозерчин бөгөөд хоёр нь жирийн ажилчин байсан аж. Хөрс цөмрөх үед харсан хүмүүсийн хэлж байгаагаар нөгөө хоёр ажилтан нь нуралт үүсэхэд хана тал руугаа гүйж байгаад дарагдсан байна.

Нуранги үүссэн 80 метр өндөртэй уурхайн хана мөстлөгтэй, газар хөлдүү, их хэмжээний ус хөрсөнд нэвчсэн, усны дор мөс байгаа зэрэг хүнд нөхцөл байдалд аврах ажиллагаа явуулж байгаа тул эрэн хайх ажиллагаа удаашралтай байгаа аж. Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн хамгийн сүүлийн мэдээллээр бульдозерын байрлалыг олж татах оролдлого хийсэн боловч тороос нь тасарсны улмаас бүтэлгүйтжээ. Харин эксковаторын байршлыг тогтоож амжаагүй байгаа юм байна. Үүнээс хойш оройн 18.00 цаг хүртэл ямар нэгэн шинэ мэдээлэл ирээгүй, аврах ажиллагаа үргэлжилж буйг тус газрын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн хэлсэн билээ.

Ослын голомтод ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Онцгой байдал,  МХЕГ,  “Эко-Алтан Заамар” ХХК,   Заамар сумын ЗДТГ-ын  нийт 100 гаруй хүн үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа ажээ.

               ГАЗАР ХӨДЛӨЛТ ОСЛЫН ШАЛТГААН БОЛОХГҮЙ

Гуравдугаар сарын 01-ний өдөр: Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Эко Алтан Заамар” компанийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоов. Осол гарсантай холбогдуулан мэргэжлийн хяналтын байцаагчид ийм шийдвэр гаргажээ.

“Эко Алтан Заамар” компанийн зүгээс уурхайн карьерт гарсан ослыг газар хөдлөлтөөс болсон гэж үзэж буй. Онцгой байдлын ерөнхий газраас ч бас энэ санааг дэвшүүлсэн. Одон орон геофизикийн хүрээлэнгээс түүнийг няцааж, газар хөдлөлт нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэх цаг хугацаа, орон зай харагдахгүй байгаа гэж тайлбарласан. Тус компанид осол болохоос нэг өдрийн өмнө буюу хоёрдугаар сарын 27-ны өдрийн 23.00 цагийн орчимд Заамар сумаас 32 км-ын зайд дөрвөн магнитудын хүчтэй буюу 2-3 баллын газар хөдлөлт болсон байна. Гэвч энэ нь дээрх компанийн уурхайн талбайд гарсан ослын шалтгаанд нөлөөлөхүйц хүчтэй биш аж.

Эрдэм шинжилгээний ажилчдын хэлснээр ийм хэмжээний газар хөдлөлт нь хүмүүст дуу болон газар чичирхийлэх байдлаар мэдрэгдээд өнгөрдөг байна. Харин 6-7 баллын хүчтэй буюу 5.5-6.1 магнитудын хүчтэй байвал байшин барилга нурж, хүний амь эрсдэх аюултай ажээ.

                  ДӨРВӨН ХҮНИЙ АМЬ ЭРСЭДСЭНИЙГ НЯЦААВ

Хоёрдугаар сарын 28-ны өдөр: “Эко Алтан Заамар” компани ослын дуудлагыг оройн 17.40 цагт авсан даруй компанийн зүгээс авран, хайх үйл ажиллагааг эрчимтэй зохион байгуулах зорилгоор ОБЕГ, БХЯ-ны нисдэг тэргүүдийг хөлслөн гаргаж, хоёр хүний амь насыг аварч, эмнэлэгт хүргэсэн байна. Тус компанийн зүгээс бүхий л шаардлагатай арга хэмжээг авч байгаа гэж мэдэгдсэн бөгөөд ослын шалтгааныг газар хөдлөлтөөс болсон хэмээн үзэж буй юм.

“Нурангийн үеэр дөрвөн хүн нас барсан байдалтайгаар олдсон гэдэг нь үнэн үү” гэсэн асуултад “Эко Алтан Заамар”-ын хуульч “Дөрвөн хүний амь эрсэдсэн гэдэг нь бодит мэдээлэл биш. Одоогийн байдлаар нэг хүн гэмтсэн байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн байгаа” гэсэн хариулт өгчээ. Мөн 8-10 техник хэрэгсэл нурангид дарагдсан нь ташаа мэдээлэл гэсэн. Үүний дараа тус компанийн зүгээс ямар нэгэн тайлбар хийхээс эрс татгалзсан хариу өгсөн юм.

         УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БУЛАГ ШАНДЫН ОЛМЫГ ТАСАЛЖЭЭ

“Эко алтан заамар” компанийн ойролцоо нутагладаг малчид “Уул уурхайн компаниуд нь рашаан булгийн усны олмыг тасалснаас болж, мал усгүйдэж, бэлчээргүй болсон” тухай ярьж байна. Тухайлбал, Заамар сумын гуравдугаар багийн малчин З.Адъяажав “Бид дөрвөн жилийн өмнөөс “Эко алтан заамар”, “Мон дулаан” ХХК-иудын үйл ажиллагаа явуулах, ашигт малтмал олборлохыг эсэргүүцсэн ч хүчрээгүй. Эдгээр компаниудын буруутай үйл ажиллагаанаас болж рашаан булаг амь тасарч, мал усгүй, бэлчээргүй болсон.

Уул уурхайн компаниуд булаг шандын “тархинд” нь л газар малтаж, олмыг нь тасалдаг. Улаанбаатарынхан утаан дунд амьдарч байгаа бол бид битүү манан шиг тоосон дунд л амьдарч байна. Мал гаргахаар уушги нь устсан байх юм. Тиймээс дээрх уул уурхайн компаниудын үйл ажиллагаа явуулахыг бүрмөсөн хориглож, бэлчээрийг сэргээмээр байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж