Британийн усанд сэлэгч Шарон Давис “Трасжендэр тамирчид спортын аль ч төрөлд эмэгтэйчүүдтэй өрсөлдөх ёсгүй. Зөвхөн би ч гэлтгүй бүх л эмэгтэй тамирчид ингэж бодож байгаа” хэмээн “BBC Sport” сувагт ярилцлага өгөхдөө хэлжээ.
Тэрбээр үргэлжлүүлэн “Энэ бол хүнийг бэлгийн чиг хандлагаар нь гадуурхсан хэрэг огт биш. Би эмэгтэйчүүдийн спортыг шударга бус өрсөлдөөний талбар болохоос хамгаалж, энэ үгийг хэлэхийг хүсч буй мянга мянган эмэгтэй тамирчдын өмнөөс ярьж байна. Холбогдох газрууд нь дүрэмдээ өөрчлөлт оруулах хэрэгтэй байна” хэмээн хэлсэн байна.
Мөн талбайн теннисний “Их дуулга” тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн 18 удаагийн аварга Мартина Навратилова “Трансжендэр тамирчид эмэгтэйчүүдтэй өрсөлдөнө гэдэг бол үнэхээр шударга бус зүйл. Энэ бол нэг төрлийн луйвар. Тэд бие махбодийн хувьд эмэгтэйчүүдээс эрс ялгаатай. Нэг үгээр хэлбэл хүчирхэг” хэмээн Шароны хэлсэн санааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Үүнээс гадна эмэгтэйчүүдийн 800 метрийн зайн гүйлтийн төрлийн олимпийн хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга Өмнөд Африкийн тамирчин Кастер Семенягийн хүйсийн маргаан Олон улсын спортын арбитрын шүүх дээр хэлэлцэгдэж байгаа билээ.
Эх сурвалж: BBC