Дэлхийн сонгодог урлагт өөрийн гэсэн орон зайг эзэлж,Монгол хэмээх нэрийг цуурайтуулж байгаа алтан хоолойтнуудын нэг бол Монгол Улсын гавьяат жүжигчин, баритон Э.Амартүвшин. Тэрбээр энэ сарын 15-17-нд Итали улсын төв хэсэгт байх Пьяченца хотын театрт Ж.Пуччинийн “Тоска” дуурийн Скарпиагийн дүрд анх удаа тоглохоор болжээ.
Баритон хоолойтнуудын ур чадварын шалгуур болсон Скарпиагийн ари сонсогчдод их алдартай. Үзэсгэлэнт дуучин Тоскад дурласан Ром хотын цагдаагийн офицер Скарпиа үзэсгэлэнт Тоскаг сэтгэлтэй залуу, зураач Каваадоссигоос нь салгахын төлөө улайран зүтгэдэг, дурлалдаа шатсан нэгэн юм.
Гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын элч Э.Амартүвшин өнгөрсөн хоёрдугаар сард Италийн Торино хотын “Театро Рэжио” театрын тайзнаа Италийн нэрт хөгжмийн зохиолч Жузеппе Вердигийн алдарт “Риголетто” дуурийн гол дүр Риголеттод дөрвөн удаа амжилттай тоглон энэ оны уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн билээ.
Сонгодог урлагт тодоос тод гялалзан байгаа гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин гаднын нэлээд хэдэн олон улсын чанартай том уралдаанаас шагналууд эх орондоо авчирсан. Энэ бүхнийхээ тайланг тавьж, ямар дуурийн дүрүүдэд дуулдаг, ямар уралдаан тэмцээнүүдээс шагнал авсан юм, ямаршуу ур чадвартай дуучин болсон бэ гэдгээ ард түмэндээ тайлагнасан билээ.
Холбоотой мэдээ