Тойм: Томилгоо, дуулиан, осол, жагсаал

Хуучирсан мэдээ: 2019.03.03-нд нийтлэгдсэн

Тойм: Томилгоо, дуулиан, осол, жагсаал

Тойм: Томилгоо, дуулиан, осол, жагсаал

Гишүүд чуулганы завсарлагаанаар гадаад, дотоодод зугаалж, Төрийн ордны хэрүүл хэсэгтээ намжсан ч нийгэм, эдийн засагт дуулиан тасарсангүй. Энэ долоо хоногийн гол үйл явдал нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эзэнгүй байсан хотын даргын томилгоо байлаа. Энэ удаад ноёны бөх давснаар хот даргатай болов. Ерөнхий сайд ч өөрийн хүнээ чилээлгэлгүй батламжилсан нь МАН эвлэж нэгдэхээсээ өнгөрснийг харуулсан явдал болсон юм. Үнэндээ, жил гаруйхан хугацаанд хотын даргыг сольсноор нийслэлчүүдийн хувьд нэмэгдэхүүний байрлалыг сольсон ч нийлбэр дүн өөрчлөгдөхгүй байх болно.


ХОТЫН ФРАКЦИ ХОТОО АЛДАВ

МАН-ын удирдлагуудын уурыг барж хотын даргын сунгаанд ялсан С.Мөнхчулууныг  Ерөнхий сайд батламжлахгүй удааж, удааж байгаад өгсөн хариу нь "Үгүй". Тиймээс НИТХ-н төлөөлөгчид дахин санал хураалт явуулж НИТХ-ын дарга, "ноёны бөх" С.Амарсайхан олонхын дэмжлэг авч хотын даргад ялалт байгуулсныг Ерөнхий сайд тэр дор нь батламжилсан юм. Шинэ жил, сар шинэ гээд бүтэн гурван сар эзэнгүй байсан хотын даргаа С.Амарсайхан томилогдсоныг олон хүн эрх ашгийн зөрчилтэй гэж харж, хардаж буй. Тэрбээр нэг жилийн хугацаанд Су.Батболдоосоо илүү гарч чадахгүй бол тэр намаа ялагдалд хүргэсэн гэх нэртэй үлдэнэ. Түүний суудлыг НИТХ-ын төлөөлөгч Р.Давга авснаас хотын даргын төлөөх зодоон нэг хэсэгтээ өндөрлөв. Энэ удаад МАН-ын хотын фракц хотоо зүүний хүчнийхэнд алдлаа.

ШҮҮГЧИЙН ҮХЭЛ ТОЙРСОН МЭДЭГДЭЛ ТАЙЛБАРУУД

ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид саатуулагдсан шүүгч Л.Бямбаагийн амиа алдсан явдал олон нийтийг цочроов. Түүний нууцлаг үхлийн талаар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ЦЕГ, АТГ, ШШГЕГ болон ар гэрийнхнийх нь зүгээс өөр өөрийн тайлбар, мэдэгдлийг өгсөн юм. Салхитын мөнгөний орд тойрсон авлигын асуудалд талийгаачийг хамааралтай гэх баримтууд байгааг АТГ тайлбарласан бол ШШШЕГ-ынхан талийгаачийг дотуур хувцасаараа амиа хорлосон байж болзошгүй гэж урьдчилан дүгнэж байгаагаа хэлсэн юм. Харин Ц.Нямдорж уг хэрэгт хариуцлага алдсан хүнийг шийтгэхээ амалж, өөрийгөө уснаас хуурай гаргахаар оролдож байгаа бол ар гэрийнхэн нь ээжийгээ амиа хорлоогүй гэсэн ярилцлага өгөөд байгаа билээ. Төрийн тусгай хамгаалалтын газарт хорьсон сэжигтэн амиа алдсан нь хэн нэгний дарамт шахалт байсан уу, хэн нэгнийг хамгаалах шалтгаан үүссэн үү гэдэг өнөөдөр ч хардлага дагуулсаар.

ХАРАМСАЛТАЙ ОСОЛ

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд  осол өнгөрсөн сарын 28-ны өдөр гарч  хоёр техник, зургаан хүн дарагдсан харамсалтай осол гарсан юм. Осол гарсан даруйд Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид хоёр хүнийг нурангиас амьд гаргаж эмнэлэгт хүргэсэн. Үлдсэн дөрвөн хүний цогцосыг нуранги  дороос эрж хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд  өчигдөр орой нэг иргэний цогцосыг нь гаргаж авчээ. Уурхайн ослын улмаас дарагдсан иргэд  Баянхонгор, Булган, Улаанбаатар хотын харьяалалтай, 31-55 насны залуус аж. Осол юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй бөгөөд "Эко Алтан Заамар" компани хөдөлмөр хамгаалалтын аюулгүй байдлыг хангаагүйгээс болсон уу гэдэг ч анхаарал татаж байна. Ямар ч байсан ослын хариуцлагыг Эко Алтан Заамар" үүрэх ёстой. Учир нь, осол гарсан газрын ойролцоо газар хөдөлсөн шинж тэмдэг өмнөх өдөр нь илэрсэн гэдгийг уурхайн удирдлагууд хэрэвзээ мэдсэн юм бол яагаад тэдгээр хүмүүст анхааруулга өгөөгүй вэ, яагаад тийм аюултай нөхцөлд ажиллуулахад хүргэв гэсэн асуултыг асуух ёстой. Хариуцлагатай уул уурхайг ч тэднаас мөн нэхэх цаг болжээ. Урьдчилсан байдлаар 80 орчим метрийн өндөр хана нурсан, нурсан талбайн хэмжээг 5400м2 гэж дүгнэжээ. 

ЖАГСААЛ 

ЖДҮХС-гаас эрх мэдлээрээ түрий барин тэрбум, тэрбумын зээл авсан албан тушаалтнууд, УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцохыг УИХ-ын дарга болоод Ерөнхий сайдаас нэхсэн жагсаалыг иргэд сайн дураараа зохион байгууллаа. Төлбөргүй, дээрээс өгсөн үүрэггүй, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн энэхүү жагсаалыг "Хэвтүүл"-ийнхэн зохион байгуулж байгаа бөгөөд Бямба гариг бүрт жагсч, эрх баригчдаас хариуцлага нэхэх илэрхийллээ. Харин М.Энхболдыг огцруулахаар  эрх баригчдын зохион байгуулсан жагсаалд ирсэн "төлбөрт"-нүүд, үүрэг гүйцэтгэгчид, зорилготой тэмцэгчдээс тэд цөөхөн ч гэсэн ЖДҮчдээс хариуцлага нэхсэн тэд илүү нэр цэвэр хийгээд илүү чухал жагсаалыг зохион байгууллаа.  Тус хөдөлгөөний тэргүүн Э.Тамир “Бид мөнгөний цуглаан хийгээгүй. Сэтгэл санаагаар дэмжиж үнэт зүйлээ хамгаалах гэсэн ард иргэдийн цуглаан болж байна.  АЖирийн иргэд жилийн 20-30 хувийн зээл авч байхад эрх мэдэл, мэдээлэлд ойр хүмүүс гурван хувийн зээл авч байна. Авлигатай тэмцэх газраас /АТГ/ ЖДҮХС-аас  зээл гишүүдийг шалгаж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулж ирсэн ч гишүүд   бөөнөөрөө хамгаалаад үлдсэн”  гэв. Эрх баригчдын сандал суудал, эрх мэдлийн төлөөх хэрүүлийн өмнөөс гүйж очоод мөнгөөр жагсчихдаг, суулт хийдэг, өлсгөлөн зарладаг монголчууд өөрсдийнх нь боломжийг, орлого, ажлын байх, эрүүл мэнд, аж жаргалыг хулгайлсан эрх баригчдын эсрэг тэмцэхгүй байгаа нь өрөвдмөөр бас харамсмаар. 

Ж.ЭРХЭС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж