Монголбанк 2019 оны хоёрдугаар сард 84.1 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 438.6 кг алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 81 хувиар буурсан байна. Мөн энэ хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9.5 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2.3 кг алт худалдаж авчээ. Алт тушаалт буурсан нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хөнгөлөлттэй буюу 2.5 хувьтай байх хугацаа дууссантай холбоотой гэж Төв банк үзэж байна. Хуулийн хугацаа дууссанаар 2019 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр таван хувь, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5 хувийг нэмж, нийт 5-10 хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж авч байгаа юм. Хоёрдугаар сард дэлхийн зах зээлд алтны ханш өндөр байсантай холбоотой ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 10 хувь байсан тухай Төв банк мэдээллээ. Тухайлбал, алтны зах зээлийн үнэ хоёрдугаар сард 1300 ам.доллароос дээш байжээ.
Алт олборлогчдын зарим төлөөлөл алтны татварын хөнгөлөлтийг сунгах эсэхтэй холбоотой хүлээлтийн байдалд шилжсэн тухай мэдээлсэн юм. Харин Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хөнгөлөлтийн хугацааг сунгах заалт бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа ч хэлэлцүүлгийн шатнаас хэд хэдэн удаа хойшлуулаад байгаа юм. Мөн УИХ-ын зарим гишүүд Засгийн газраас өргөн барьсан алтны татварыг 2,5 болгох хуулийн төслийг эргүүлэн татаж, таван хувь байх ёстой гэсэн шүүмжлэлийг ч хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан юм.
Ш.ОЧ