“Амьдрах ухааны танхим” нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.04.15-нд нийтлэгдсэн

“Амьдрах ухааны танхим” нээлтээ хийлээ

Залуу хүмүүсийн ажил, амьдралд нэн чухал чадваруудыг эзэмшүүлдэг амьдрах ухааны боловсрол  олгох танхимын нээлт, тоног төхөөрөмж гардуулах ёслол Хан-Уул дүүргийн  Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Насан туршийн боловсролын төвд өнөөдөр(IV.15) боллоо. Энэ нь нийслэлийн дүүргүүд, 11 аймаг, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудыг түшиглэн нээж буй 20 танхимын албан ёсны нээлт юм. Эдгээр танхимыг Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монголын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд хөгжил 2013-2017” төслийн хүрээнд байгуулжээ.  

Нээлтийн ёслолд НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч, хатагтай Наоми Китахара, УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвийн захирал Ж.Оюунцэцэг, холбогдох албаны төлөөлөгчид оролцов. Хатагтай Наоми Китахара энэ үеэр хэлсэн үгэндээ “Бидний хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн төслийн гол зорилго нь эерэг , хариуцлагатай, өөртөө итгэх зан үйл бүхий, амьдрах ухааны чадвартай залуу хүмүүсийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. Энэ зорилгодоо хүрэх нэг гол арга зам нь амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын танхимууд юм” хэмээн  тэмдэглэв.

Л.ГАНТӨМӨР: АМЬДРАХ УХААНЫ БОЛОВСРОЛ ЗАЛУУСТ МАШ ХЭРЭГТЭЙ

Нээлтийн ёслолд БСШУ-ны сайд Л.Гантөмөр  оролцож үг хэлсний зэрэгцээ Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвийн анги танхим, үйл ажиллагаатай танилцав.  Салбарын сайд хүрэлцэн ирсэнд тус төвийн багш, суралцагчид баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Л.Гантөмөр сайд  Амьдрах ухааны танхимын ач холбогдолыг  дүгнэж хэлэхдээ  “Амьдрах  ухааны танхим нь 15-35 насны залуучуудын амьдралд хэрэг болох сургалтуудыг явуулах юм. Сургалтын системийн 13 модуль гарсан байгаа. өөрөөр хэлбэл, амьдрал дээр ямар шийдвэр гаргах вэ, бусадтай яаж харилцаж сурах вэ, зөв дадалд яаж суралцах вэ, ажилдаа амжилт гаргахын тулд юунд анхаарах вэ гэх мэтчилэн хүний амьдралд хамгийн ойр хэрэг болдог сургалтуудыг энэхүү амьдрах ухааны танхимуудаар залуустаа хүргэх юм. Өнөөдрийг хүртэл манай залуус Насан туршийн боловсролын төвөөр дамжуулан дүйцсэн хөтөлбөрийн сургалтад суралцах, номтой харилцах, гоо сайхны хичээлд суралцах гэх мэт өөрт нь хэрэгтэй, амьдралд бодитой хэрэг болох зүйлүүдээр суралцдаг байсан бол цаашид тэрхүү зүйлүүдийг чаддаг болсон тохиолдолд яаж сайхан амьдрах вэ, амьдралаа яаж зөв авч явах вэ, хүнтэй яаж зөв харилцаж сурах вэ гэх зэрэг сайхан амьдралын нууцад нэвтрэхэд Амьдрах ухааны сургалтын төвүүд маш чухал хэрэгцээтэй. Залуучууд маань бидэнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар ховор байна гэдэг. Үнэхээр энэ Амьдрах ухааны төвүүдэд ирэх юм бол таны чөлөөт цаг үр дүнтэй байх болно. Цаашид бид багш нараа хөгжүүлэх ажлыг маш сайн зохион байгуулна.  Яагаад гэвэл, амьдрах ухааны сургалтад янз бүрийн төвшний залуус хамрагдана шүү дээ. Тэнд их, дээд сургууль төгссөн залуус ч хандана. Тиймээс энэ анхаарах ёстой асуудал. Мөн төсөв хөрөнгө шийдэгдвэл байрны асуудлыг ч цогц байдлаар шийдэх нь чухал юм. Ингээд  залуучуудыг хөгжүүлэх чиглэлд 430 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг гаргасан НҮБ-ын Хүн амын санд талархал илэрхийлж, ажилд нь  амжилт хүсье. Мөн энэ төвийг нээж байгаа Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвийн хамт олонд амжилт хүсье. Энд суралцаж байгаа залуус улам идэвхтэй сурч, ажил, амьдралдаа өндөр амжилт гаргахыг хүсч байна” гэлээ. Мөн тэрээр  байгуулагдаад 16 дахь жилдээ ажиллаж буй Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвийн багш нар  амьдрах ухааны  олон чиглэлээр өөрсдийн бололцоо, боломжид тулгуурлан, бас шинийг эрлэхийлж, санаачилж сургалтын орчныг бэлтгэн ажиллаж байгааг хэлсэн юм.

 Ж.ОЮУНЦЭЦЭГ: СУРАХЫГ ХҮССЭН ХЭНД Ч МАНАЙ ТӨВИЙН ҮҮД НЭЭЛТТЭЙ

Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвийн хувьд аймаг, орон нутгийн төвүүд, бусад дүүргийн энэ чиглэлээр ажиллаж буй багш, сурган хүмүүжүүлэгчид байнга туршлага судалж байдаг, мөн тохь тух, байршил зэргээс хамаарч бусад дүүргийн иргэд ихээхэн хандаж, сургалтад хамрагдаж байдаг юм байна. Суралцагчдын зүгээс багш нарынхаа найрсаг харилцаа, заах арга зүй, анги танхимынхаа тохь тухын талаар ам сайтай байгаагаа ярьж байв.  Энэ үеэр тус төвийн  захирал Ж.Оюунцэцэгээс цөөн асуултад хариу авсан юм.

-Аймаг, дүүргүүдийн ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, насан туршийн боловсролын төвийг түшиглэн байгуулж буй “Амьдрах ухааны танхим”-ын нээлт танай төвөөс эхэллээ. Энэ танхимд ямар сургалтууд явуулахаар зэхэж байна?

– Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Насан туршийн боловсролын төв нь байгуулагдаад 16 жилдээ сургалт зохион байгуулж ажиллаж  байна. 2012 оноос эхлэн Насан туршийн боловсролын үйлчилгээг хүүхэд залуус, насанд хүрэгчид, ахмад настнуудад “Хэн ч, хаана ч, хэзээ ч” гэсэн уриатайгаар үйл ажиллагаагаа зохион байгуулж ирсэн. Сурахыг хүссэн хэнд ч манай төвийн үүд хаалга нээлттэй. Өнөөдөр манай төвд “Амьдрах ухааны сургалтын танхим”-ыг нээх ёслолын ажиллагаа болж байгаад баяртай байна. Энэ танхим нь Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монголын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд хөгжил 2013-2017” төслийн хүрээнд  байгуулагдаж байгаа юм. Энэ танхимдаа бид  хүүхэд залуус, нийгэмд хэрэгцээтэй байгаа амьдрах ухааны ур чадвар, тэр дотроо шийдвэр гаргах, бие биеэ ойлгох, харилцах, бусдад өөрийгөө зөв ойлгуулах, бусдад хүндэтгэлтэй хандах, шийдвэрээ зөв гаргаж, сонголтоо зөв хийх зэрэг ур чадваруудыг олгох, ийм сургалтууд явуулахаар төлөвлөж байна.

-Амьдрах ухааны чиглэлээс гадна танай төвийн сургалтууд  ямар, ямар чиглэлээр зохион байгуулагддаг вэ?

-Манай сургалт таван чиглэлээр явагддаг. Гэр бүлийн боловсрол, ёс суртахуун төлөвшил, амьдрах ухааны боловсрол, гоо зүйн мэдрэмжийн боловсрол, иргэний боловсрол гэсэн үйлчилгээнүүдийг тогтмол үзүүлж байна. Сургалтын цар хүрээ 2013 оноос БСШУ-ны сайдын тушаалаар батлагдсан таван чиглэлээр илүү өргөжиж байгаа. 2014 онд бид 15 мянга гаруй хүүхэд залуус, насанд хүрэгчдэд үйлчилсэн. Он гараад нэгдүгээр улирлын байдлаар 4000 гаруй хүнд үйлчилгээ үзүүлээд байна. Өмнөх онуудтай харьцуулахад  үйлчилгээний цар хүрээ, хүртээмж эрс нэмэгдсэн.

Амьдрах ухааны чадваруудад хувь хүний нийгэм сэтгэлзүйн чадварууд, ялангуяа бусадтай зөв харилцах, сэтгэл хөдлөлөө хянах, эрүүл идэвхтэй, аюул эрсдэлгүй, бүтээлч амьдралаар  амьдрахад чиглэсэн зөв шийдвэр, сонголт хийхтэй холбоотой чадварууд багтдаг. Тэгвэл  цаашид амьдрах ухаанд суурилсан  эрүүл мэндийн боловсролын танхимуудаар өсвөр үеийнхэн, залуучуудад эерэг, аюулгүй, таатай орчин бүрдүүлж, амьдрах ухааны чадварт сурч боловсрох олон сонирхолтой боломжуудаар чөлөөтэй хангахаар хамтрагч талууд төлөвлөжээ.

Ч.БОЛОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж